Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөлд жолооны үнэмлэхтэй иргэн бүрийг заавал даатгалд хамруулахаар тусгасан байсан.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдэх үед гишүүд багагүй маргаж байсан юм. Харин УИХ-ын хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллан, өнөөдөр манай нөхцөлд жолоочоо дагасан даатгалын тогтолцоо нэвтрүүлэх боломжгүй, тээврийн хэрэгслээ дагуулж даатгах нь илүү тохиромжтой гэж үзэн хуулийн агуулыг өөрчлөн тээврийн хэрэгслийг заавал даатгалд хамруулахаар болгожээ. Энэ агуулгаар нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Хууль зүйн байнгын хороо хийсэн юм.
Манай улсад 750 гаруй мянган хүн жолооны эрхтэй байдаг аж. Харин 270 гаруй мянган авто машинтай гэнэ. Монголын даатгалын зах зээл дээр 2011 оны 2 дугаар сарын байдлаар ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 15 буюу бүх даатгалын компани жолоочийн болон авто тээврийн хэрэгслийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. Одоо мөрдөж байгаа хуулиар машинтай жолооч л жолоочийн хариуцлагын даатгалд сайн дураараа хамрагддаг байсан. Өнгөрсөн оны байдлаар гэхэд дээрх машинтай жолооч нарын 10 хувь нь л энэ даатгалд хамрагдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )