Дорноговь аймгийн “Соёлын өдрүүд” аравдугаар сарын 12-16-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Саран хөхөө театрын уран бүтээлчдийн тоглолт, соёлын биет, биет бус өв болсон ховор, нандин үзмэрүүдийн үзэсгэлэн зэрэг гарч байгаа юм.
Мөн соёлын өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 15 дахь удаагийн наадам болж байна. Наадам өчигдөр эхэлж өнөөдөр өндөрлөх юм. Нийтдээ хот, хөдөө орон нутгийн өсвөрийн 900 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.
Өсвөрийн бүжигчдийн улсын наадам хоёр үе шаттай. Эхний шат аймаг, орон нутаг, дүүргүүдэд зохиогдож шалгарсан оролцогчид дараагийн шатанд оролцох эрхтэй болох аж. Гоцлол бүжиг, хамтлаг бүжгийн төрлөөр. Гоцлол бүжиг бага, дунд, алхах буюу 9-10 нас, 11-14 нас, 15-17 насны ангилалтай.
Тус наадмын талаар С.Сүхбаатар “Энэ наадмыг дөнгөж ардчилал бий болсны дараа Дорноговь аймагт зохион байгуулж байсан. Өнөөдөр 15 дахь удаагаа болох гэж байна. Наадмын гол онцлог нь бүжигчин хүүхдүүд хоорондоо уулзах, танилцах, нэг нэгнээсээ суралцах үнэтэй агшин. Тэмцээн, уралдаандаа гол нь биш юм. Мөн Монголын 21 аймгийн хүүхдүүд ахуй, амьдралынхаа дэг соёлыг бүжгийн урлагаар хоорондоо солилцож байгаа нь л хамгийн чухал. Энэ бол хүүхдийн хөгжил, сэтгэхүй, бие даах чадварт маш эерэгээр нөлөөлнө.
Энэ жилийн тухайд яах аргагүй соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулъя гэдэг шийдвэрт хүрсэн. Дорноговь аймгийн хүүхдүүд цэцэрлэгээс эхлээд сургуулийн ахлах анги төгстлөө бүжгээр амьсгалдаг. Харин энэ наадам шалгарсан, шилдэг хүүхдүүд оролцдог. Нэг үгээр эдгээр хүүхдүүд бол хуучны бүжгийн өв тээгчид. Хүүхдүүд Ц.Сэвжидийн нэрэмжит улсын наадам болохыг, оролцохыг хүсэн хүлээдэг болсон. 27 жилийн өмнө энэхүү наадамд оролцож тэргүүн байр эзэлж явсан хүүхдүүд одоо бүжгийн салбарт ч тэр, өөрсдийнхөө сонгосон салбарт ч тэр манлайлаад явж байна. Ер нь энэ наадмаас төрөн гарсан хүүхдүүд маш сайн бүжигчин, бүжиг дэглээч болдог. Бүжгийн урлаг гэдэг зөвхөн бүжиг гэдэг нэр биш юм. Хүний сэтгэхүйг бүжиглэхүйн ухаанаар дамжуулан нээж өгдөг. Эдгээр хүүхдүүд нүүдэлчдийн соёлыг бүжгээрээ дэлхийд таниулах зорилготой” гэв.
Тус наадам нь 1991 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа болсоор иржээ. 1993 онд Дорнод аймагт, 2000, 2006, 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Бусад жилүүдэд нь уламжлалт ёсоор Дорноговь аймагт болж байсан аж. Өнөөдөр наадамд шалгарсан шилдэг бүжигчдийн гала тоглолтыг Монголын хүүхдийн ордонд 18:00 цагаас үзэгч олонд толилуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )