УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар олон сарын турш хэл ам татаад байгаа “Урт” нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ. Хэрүүл маргаан, хурал хаялтаар өндөрлөсөн уг хурал эхлэх гэж бүтэн цаг гаруй хүлээгдсэн гэнэ. Энэхүү хуулийн хэрэгжилтээс болоод гадаа гудамжинд иргэний хөдөлгөөнүүд хоёр тал болон хоорондоо тулалдах нь холгүй болоод байгаа. Нэг талаас нум сум агссан “Гал үндэстэн”-гийн морьтонгууд, нөгөө талаас “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөний “гар мухарчууд” хүч үзэх гээд хүмүүсийг сандаргаж эхэлсэн юм. Морьтонгууд Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутагт байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хаана гээд давхицгаасан. Уул уурхайнхан харин хаалгахгүй гэж гүрийж байна. Өөрөөр хэлбэл иргэд маань ийнхүү хороондоо “дайны” байдалд шилжих гэж буй тул байнгын хорооны хурал тун чухал шийдэлд хүрэх байх гэж олон хүн ажиглаж байлаа. Гэвч “Баатар” гишүүн Бат-Үүл өрөөнөөсөө юм уу, гэрээсээ ч юм уу мэдэгдэхгүй, хаа нэгтэйгээс утасдан “Би өмдгүй сууж байна. Та нар хурлаа хийхдээ намайг наад асуудлыг чинь дэмжиж байгаагаар тооцоорой” гэж гуйжээ. Хуралд оролцогчид эхлээд түүнийг шалдан чигээрэй гүйгээд ир хэмээн шоолж байснаа төд удалгүй өнөөх “Урт” нэртэй хуулиасаа болоод хэрүүлээ үргэлжлүүлсэн байна. Гол нь хаагдах дээрээ тулаад байгаа уул уурхайн компаниуд хуулийн өөрчлөлтөөр “амь аврагдах” магадлалтай тул ийнхүү хэрэлдэхээс өөр замгүй болов бололтой. Анх “Урт” нэртэй хуулийг санаачлан батлуулахад оролцсон Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэлгүй хойшлуулах саналтай байсан ч цаадуул нь олонхиороо хүч түрэн УИХ-ын чуулганд оруулахаар болжээ. Шалдан Бат-Үүлийн эчнээгээр, урьдчилж ирүүлсэн саналыг харин тэд тоож үзээгүй гэнэ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )