Ерөнхий сайдын чуулганы танхимаас ОНЦОЛСОН ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-аар Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Түүний хэлсэн онцлох үгсийг хүргэж байна.


►Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна.

►Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна.

►Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.

►Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

►Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна.

►Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна.

►Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

►Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.

►Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсан боловч хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.

►Эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ

►Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

►Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top