Нэг гэрийн гурвыг хөнөөсөн жолоочийн хэрэг прокурорт шилжлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан том оврын автобусны жолооч зам хөндлөн гарч явсан гурван хүнийг дайрч амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.«Автобус-1» ХХК-ийн жолооч Ш.Цэнгэлжаргалд холбогдох хэрэг Тээврийн прокурорт шилжжээ. Ш.Цэнгэлжаргал дөрөвдүгээр сарын зургааны 20:30 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөний арын зам дээр Баянхошуу-Ард чиглэлийн УБЧ 23-80 дугаартай «Daewoo BS-106» маркийн автобус жолоодож яваад 70 настай, эмэгтэй А болон Н, Т нарыг дайрч хөнөөсөн юм. Тэрбээр гурван хүний аминд хүрэхийнхээ өмнө машинтай мөргөлдөж, нэг зорчигчийг хүнд гэмтээсэн байжээ. Нэг гэр бүлийн гурван хүнийг явган хүний гарц дээр дайрч хөнөөсөн Ш.Цэнгэлжаргал гэгч өмнө нь мөн л зам тээврийн осол хийж, нэг хүний аминд хүрч байсан гэнэ. Гэсэн ч тэрбээр тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна. Харин хэрэг гарсны дараа түүнийг «Автобус-1» ХХК батлан даасан учраас гадуур шалгагдаж байгаа аж. Ш.Цэнгэлжаргалд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215.4 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 215.4-т «Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ» хэмээн заасан байдаг ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top