С.Хатанбаатар: Ганц аялгуу зохиочихоод хөгжмийн зохиолч гэдэг алдар нэр зүүдэг улс олон болчихлоо

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч С.Хатанбаатартай ярилцлаа.


-Хөгжмийн ертөнцөд анх яаж хөл тавьж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүүхэд ахуй наснаасаа л хөгжимтэй холбогдсон. Аав ээж хоёр минь гармошка хөгжмийг надад худалдаж авж өгч байлаа. Маш  сонирхолтой байсан учир өөрөө тоглож сурсан. Улмаар сонирхол дээр минь бага сага авьяас байсан учраас хөгжим миний амьдралын нэг хэсэг болсон байх.

-Хүүхэд байх үедээ хөгжмийн авьяастай гэсэн урам авсан учраас л энэ сонирхлоо хөгжүүлсэн байх. Хамгийн анх ийм урмыг хэрхэн авч байв?

-Гармошка хөгжмийг тоглож байхыг өвөө маань сонсчихоод “Миний хүү чинь ёстой үг хэлж байгаа юм шиг тоглож байна даа” гэж урамшуулдаг байсан. Хүүхэд байхад Сүхбаатар аймагт “Аймгийн хөгжмийн аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг байсан. Тэр тэмцээнд сумаасаа “Баян хуур” хөгжмөөр оролцоод хоёрдугаар байранд орсон. Дараа нь “МУБИС-ийн хөгжмийн анги”-ийг онц дүнтэй төгссөн. Төгссөн жилээ гадаадад суралцахаар шалгалт өгч тэнцсэн ч сургуулийн зүгээс заавал нэг жил багшилсны дараа явуулна гэсэн шаардлага тавьсан. Их л харамсаад үлдсэн дээ. Гэхдээ нэг жилийн дараа Армени улсын Ереван хотод очиж, Хөгжмийн дээд сургуулийг “Хөгжмийн зохиолч мэргэжил”-ээр зургаан жил суралцан төгсөж байлаа.

-Сургуулиа хэдэн онд төгссөн гэсэн үг вэ?

-1991 он.

-Тэгвэл та алтан үе гэгдэх хөгжмийн зохиолчидтой багш, шавийн барилдлагатай, ойр дотно явсан байж таарах нь. Ер нь том хөгжмийн зохиолчидтой хэр дотно байсан бол?

-Хөгжмийн зохиолчидтойгоо их ойр байсан. Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг Л.Мөрдорж, Н.Жанцанноров, Х.Билигжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав гээд бүгдтэй нь ойр байлаа. Л.Мөрдорж гуайтай холбоотой олон сайхан дурсамж бий. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар ахын маань шүлэг “Наранбулаг” гээд дууг маань Л.Мөрдорж анх сонсчихоод “Чи ер нь эх орны дууг их сайхан зохиох юм байна шүү. Үнэхээр агуу дуу болно” гэж хэлж байсан. Одоо манай Сүхбаатар аймгийн Наран сумын сүлд дуу болсон. Энэ дууг маань алдартай бас-баритон хоолойтой дуучид дуулдаг. Хамгийн сүүлд гавьяат жүжигчин Х.Үнэнхүү маань дуулж ард түмэнд хүргэсэн. Л.Мөрдорж гуай “Алтан өргөө” киноныхоо хөгжим нот бартитурыг Герман улсын Дефа кино студид үлдээсэн. Түүнийг олж авмаар байна аа гэж их ярина. Тухайн үед би зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагад ажилддаг байсан юм.  Тиймд чамгүй хөөцөлдөж байж, Германы Элчин сайдын яамтай холбогдож тэдгээр нот бартитурыг Монголдоо авчруулсан. Л.Мөрдорж гуай нотоо хараад шууд л уйлж  билээ. “Ямар сайхан юм бэ. Хүү минь баярлалаа” гээд их л баярласан даа. Аргагүй шүү дээ, 30 гаруй жилийн дараа өөрийн бүтээлтэйгээ учран золгож байгаа сэтгэл гэдэг агуу санагдсан. Манай алдар цолтой, ахмад хөгжмийн зохиолчид залуу үеэ их дэмждэг, урам хайрладаг хүмүүс байж дээ. Би “Домог амилсан Монгол” найрал дуутай, гоцлол дуу зохиож, Г.Эрдэнэбат гавьяат дуулсан. Түүнийг маань Б.Шарав, Ц.Чинзориг, Х.Билигжаргал ах нар бүр зорьж очиж үзсэн. Би тэр үед гадаадад явж таарсан л даа. Гэвч тэд дараа нь уулзаад  “Чи ямар сайхан найрал дуу бүтээгээ вэ” гэж магтаж урам хайрлаж байсныг нь мартдаггүй.

-Ингэхэд ая зохиогч, хөгжмийн зохиолч хоёрын ангилал, ялгаа нь юу юм бол оо?

-Хөгжмийн зохиолч гэдэг бол мэргэжил, ая зохиогч бол тэс өөр асуудал. Аяыг хэн ч зохиож болно. Ая зохиосноор хөгжмийн зохиолч болохгүй ээ. Авьяастай хүн бол ая зохиож болно. Авьяас байгаад боловсрол байхгүй бол хөгжим зохионо гэдэг асуудал огт байхгүй. Хөгжмийн форм, дуурьсах ухаан, хөгжим найруулга гэх мэт хүний насаараа хэзээ ч оргилд нь хүрэхээргүй маш их зүйл сурч байж хийдэг юм шүү дээ. Гадаад улсад бид чинь зургаан жил сурч байж, сая нэг юм хөгжмийн зохиолч гэх дипломтой болж байгаа юм. Ингэж байж хөгжим зохиох чадвартай болж байгаа гэсэн үг. Харин ая зохиохын тулд заавал зургаан жил сурч, мэргэжил эзэмших шаардлагагүй. Тэгвэл зүгээр ая зохиодог хүнд хөгжим зохиох ур чадвар, онол мэдлэг байхгүй. Үүгээрээ асар том ялгаатай. Одоо бол ганц аялгуу зохиочихоод хөгжмийн зохиолч гээд алдар нэр зүүдэг улс олон болчихлоо л доо. Уг нь асар ялгаа зааг, чадварын зөрөөтэй хоёр ойлголт байгаа юм.

-Хөгжмийн зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ. Мэдрэмж, чадвар, мэдлэг, мэргэжлийн маш том ангилал энд байгаа байх?

-Хөгжим  зохиох зохиомжийн асуудлын хувьд нэг том багш хичээл заана, дуурьсах ухаан нэг багш, хөгжим найруулах арга зүй бас нэг багш дээр хичээллэнэ. Профессор багш нараар зургаан жил тасралтгүй сурч байж энэ мэргэжлийг эзэмшинэ шүү дээ. Хөгжмийн зохиолч болно гэдэг бол авьяас, асар өндөр боловсрол, чадвар, хөдөлмөрч зан чанарын цогц юм. Арваад жил хүний сурч боловсорч, үнэлүүлж загнуулж ирсэн энэ мэргэжлийг зүгээр нэг нот ч мэдэхгүй хүн ая зохиочихоод алдар хүндийг нь хүртэнэ гэвэл эндүүрэл. Ая зохионо гэдэг бол зүгээр төгөлдөр хуур ч юмуу, хөгжим нүдэж байгаад нот холбодог асуудал биш.

-Та олонд хүрсэн олон дуунуудтай. Тэдгээр дуугаа хэрхэн бичиж байв. Бидний сайн мэдэх яруу найрагч Данзангийн Нямаатай хамтран бүтээсэн “Мөрөөдлийн цэцэгтэй нас” дуу гоё дуу шүү?

-“Хайрын хорвоо”, “Аавын нутаг”, “Нутгийн зам”, “Наранбулаг” гэх мэтчилэн дуунууд бий. “Мөрөөдлийн  цэцэгтэй нас” дуу маань дээрх дуунуудаас арай сүүлд бүтсэн хүүхдэд зориулсан дуу. Тухайн үедээ хит болж байсан. “Анхны цас”, ”Аз жаргалын цэцэг” гэх мэт хүүхдийн дуунууд. Мөн эстрадын дуунууд бий. “Харьд очсон бүсгүйн заяа” киноны дуу зэрэг олон дуу бий дээ.

-Та яруу найрагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайн Лутбаяртай хамтран их олон уран бүтээл туурвисан байх аа?

-Н.Лутбаяр бид хоёр бол нэг нутгийн улс. Намайг гадаадаас төгсөж ирэхээс өмнө манай Н.Лутбаяр “Завхан гол”, “Дуут нуур” гэх мэт хэдэн алдартай дууны шүлгээ зохиочихсон байсан. Сургуулиа төгсөж ирээд Н.Лутбаяртай танилцахад “Аавдаа зориулсан шүлэг шүү” гээд шүлэг өгснөөр бид “Аавын нутаг” дуугаа хамтран зохиож байлаа. Гавьяат Г.Эрдэнэбат маань дуулж, ард түмэнд их сайхан хүрсэн. Өнөөдөр хүртэл хүн бүрийн сэтгэлд хоногшсон, дуулах дуртай дуу болсон. Бид “Ононгийн аварга хээр”, “Гоё халиун”, “Цэцэн хааны хурдан хүлгүүд” гэх маш олон бүтээлийг хамтарч хийсэн. Н.Лутбаяр бол шүлгээ их сайхан бичдэг уран бүтээлч.

-Та аль нутаг усны хүн бэ?

-Сүхбаатар аймгийн Наран суманд төрж өссөн.

-Сүүлийн үед гарч байгаа зохиолын дуунуудад хэр шүүмжлэлтэй ханддаг вэ. Ая нь нэг нэгнийгээ их давтаж байна гэх юм. Шүлэг нь үнэхээр хэцүү. Ямар ч утга  санаагүй, нөгөө л нэг хөдөө морь малаа дуулдаг гэж хүмүүс шүүмжилдэг. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь бол байж болно оо. Энэ их уран бүтээлчид дотор чинь сулхан авьяастай хүн байгаа. Тэтгэвэрт гарчихаад хийх юм олдохгүй байна аа гээд ая зохиогоод эхэлж байна. Тааруу бүтээл төрж байгаа бол авьяас чадвартай холбоотой. Үнэхээр сайн шүлгэнд авьяастай хүн аялгуу хийх юм бол тийм ч муу бүтээл гарахгүй. Тааруухан шүлгэнд маруухан аялгуу хийх юм бол сулхан л дуулдана. Хаана сонслоо, ямар дуу билээ, юу билээ гэмээр тохиолдол олон таардаг. Сайн шүлэг нь хөгжмийн зохиолчийгоо хөглөж, цаанаас нь гарах ёстой аялгуу л гардаг. Дууг сонсоход “Энэ бол авьяастай хүний дуу байна аа” гэж надад шууд мэдэгддэг.

-Та ая хийхдээ шүлгээ яаж сонгодог вэ. Хөгжмийн зохиолчид өөрөө шүлгээ захиалах, сонгох боломж ер нь байдаг уу?

-Шүлгэн дээр маш нарийн цензуртэй ханддаг. Үнэхээр сайн уран бүтээл хийе гэвэл маш сайн ажиллах ёстой байдаг. Сайн ажиллаж байж сайхан дуу гардаг. Яруу найрагч андууд маань сайхан шүлгээ зохиогоод өгвөл биднээс маш сайн аялгуу гарна.

-Та хөгжмийн зохиолчдын холбооны дарга хийж байсан байх аа?

-Өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарынхаа хамгийн том даргыг нь хийнэ гэдэг бол миний хувьд том бахархал. Хамгийн анхны дарга С.Гончигсумлаа, хоёрт Н.Жанцанноров, гуравт Д.Лувсаншарав, дөрөвт Х.Билигжаргал, тавд Ц.Нацагдорж. зургаа дахь дарга нь С.Хатанбаатар буюу би өөрөө. Уран бүтээлээрээ бид дундаа гайхуулж яваа энэ залуу хүнээр дарга аа болгоно гээд цэл залуугаараа “Хөгжмийн зохиолчдын холбооны дарга”-аар 2001 онд томилогдож байлаа.  

-Хөгжмийн зохиолчдын ахуй амьдрал, орлогын байдал ямар байдаг юм бол?

-Хүн эзэмшсэн мэргэжлээрээ эдийн засгаа бүрдүүлэх ёстой гэж боддог. Харамсалтай нь, тийм боломж Монголд алга. Сайхан аялгуу зохионо. Өнөөдөр түүнийг үнэлээд аваад, дуулчих дуучид байхгүй байна. Хөгжмөөр орлого олоод сүйд болж буй зүйл байхгүй. Ер нь Монголын эдийн засаг сайжраад ард түмэн, уран бүтээлчид мөнгөтэй болоод ирвэл бие биенээ хүндэтгээд, үнэлээд аятайхан болох болов уу л гэж боддог. Гэхдээ энэнд бол ач холбогдол өгдөггүй. Мөнгөнөөс чинь илүү сайхан уран бүтээл туурвичихаад аз жаргалтай явах шиг аз жаргал байхгүй. Үүн дээр мөнгө бодоод тэдэн төгрөг олчих юмсан, энийг худалдчих юмсан гэсэн бодол байдаггүй.  Хамгийн гол нь сайн бүтээл хийгээд түүндээ өөрөө сэтгэл ханамжтай байх нь чухал.

-Хүмүүс дуучныг нь л онцлохоос ая, шүлэг хоёрыг нь нэг их анзаараад байдаггүй. Үнэлэмж талаасаа их муу байдаг шиг санагддаг. Тэр хэрээр үнэлгээ орхигддог гэж боддог уу?

-Эдийн засаг сайжрах юм бол төр маань бидний хөгжмийн бүтээлийг худалдаж авна. Ер нь энэ жилээс худалдаж авах сураг сонсогдож байгаа. Улс орны эдийн засаг  өндөр хэмжээнд сайжраасай гэж боддог. Тэр хэмжээнд уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх үнэлгээ сайжирна гэж боддог.  

-Та өндөр хөлс авч дууны хөгжим зохиож байсан уу?

-Иймэрхүү зүйл сүүлийн үед их ажиглагдаад байгаа. Дуучид маань дуу хэрэгтэй байна гэхээр хөгжмийн зохиолчид “Тэдэн төгрөг өгчих өө, тэгвэл дуу зохиож өгье” гэдэг. Би  хэзээ ч тэгж чадахгүй. Дуу хөгжим зохионо гэдэг маш хүнд асуудал. Хүнээс мөнгө авчихаад мөнгөнд нь тааруулж дуу хийнэ гэдэг боломжгүй. Би эсрэг зүйл боддог. Надад сайхан зохиогдсон дуу байх юм бол болно. “Ононгийн хээр”-ийг хийлээ. Ард түмэнд хүрсэн сайхан бүтээл болсон. Тод манлай Д.Онон ах маань том урамшуулсан. “Гоё халиун” дууг үнэхээр сайхан хийсэн байна гээд хийсний дараа чамгүй урамшуулж байсан. Тэрнээс биш наана нь хүнээс хэзээ ч мөнгө авч дуу хийж байгаагүй.      

-Сүүлийн үед та ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Дан хөгжмийн бүтээл рүүгээ орж байгаа. Эх орон, ээж аав сэдэвтэй бүтээл хийж байгаа. Ирэх 2020 онд ээж маань 80 нас хүрнэ. Ээжийнхээ 80 насны ойд зориулж ээжийн дан хөгжим бичиж байгаа. Симфони найрал хөгжимтэй. Мөн ганц хоёр эхийн тухай дуу хийж байгаа. Дуу бол бэлэн болчихсон. Он гаргаад хөгжмийн бичлэгтээ орох байх.

 

Б.Болортуяа

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараа(64.119.22.253) 2021 оны 02 сарын 15

МУБИС- ийн хөгжмийн анги биш Багшийн сургуулийн хөгжмийн анги биздээ

0  |  0
Top