Нум сум агссан “Гал үндэстэн”-үүд нутгаа чөлөөлөх “Аян дайнд” мордсоноо мэдэгдлээ. Тэд уул уурхайн нэлээд олон компаний хаалгыг түгжиж авах ажээ. “Урт” нэртэй хуулиар гол нууруудын эхэнд хайгуул, олборлолтын ажил хийхийг хориглосон. Үүний дагуу одоо 254 уурхайн компани хаагдахад хүрээд байгаа. Гэвч “Уул уурхайн салбараа аваръя” хэмээх хөдөлгөөн байгуулагдан тэдгээрийг хэвээр ажиллуулахыг шаардаж байна. Засгийн газар харин уг компаниудын нэлээд хэсгийг хаахаар болсон. Эдгээрээс гадна “Гал үндэстэн”-үүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа нь Оюу толгой, Таван толгой болж байх шиг байна. Ялануяа Оюу толгойн гэрээ хууль бус болсон гэдгийг одоо хүн бүхэн сайн мэддэг болжээ. Тиймээс “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр “Оюу толгойг арчаад хаяхад хэцүү юм байхгүй. Тангараг өргөн гарын үсгээ зураад явж байгаа болохоор надад буцах зүйл алга. Надад ч, манай нөхдөд ч гомдох юм байхгүй” гэлээ. Энэ нь шийдсэн хүний үг болов уу. Түүнд тэнэг эр зориг байж болох л юм. Гэхдээ Оросын хувьсгалын үеэр люмпен пролетариуд гэж юу ч хийхээс буцахгүй, одоогийнхоор бол лалын амиа золиослогчид шиг хүмүүс хэдэн зуугаараа гарч ирж байсан гэнэ лээ. Нутаг усаа хамгаалах нь хэн бүхний үүрэг л дээ. Харин хүчирхийллээр бүхнийг шийднэ гэвэл тэр нь өөрөө эргээд хүчирхийллийг л төрүүлдэг. Энэ бол олон зууны турш хүн төрөлхтөний хөгжлийн явцад боловсорч баталгаажсан бодит үнэн юм. Ц.Мөнхбаяр хэрвээ Оюу толгойн үйл ажиллагааг зогсоох гэвэл мэдээж эсэргүүцэлтэй тулгарна. Төр, хувийн эзэмшлийн өмч рүү хууль бусаар халдсан хэмээн түүнд болон түүний нөхдөд хариуцлага үүрүүлнэ. Магадгүй хэт улайрч, хөөрсөн олон түмэн жолоодлогогүй болж Оюу толгойг дэлбэлэхээс сийхгүй байдал үүсч болох юм. Тэгвэл тэдэнд хэдэн килограмм тэсрэх бодис хэрэгтэй вэ. Саваагүй сэтгүүлчийн ийм асуулт хүмүүсийг сэрдхийлгэх биз. Гэхдээ ийм асуулт үлдээхээс өөр аргагүй байна. Тэгээд тэрхүү тэсрэх бодисоо хаанаас олж авчрах вэ. Хойд хөршийнхөн дунд зэвсгийн наймаачид олон бий. Тэд нараас худалдаж авах уу. Энэ үеэр манай тагнуулчид хаана нь явах бол оо.
Сэтгүүлч Я.Ымербек
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )