Өнөөдөр дэлхий нийтийн толгойны өвчин болсон мөнгө угаах гэмт хэргийн үүсэл гарлыг ухаж харвал хаа байсан манай эриний өмнөх он тоололд хамаарах юм шиг байна лээ. Харин мөнгө угаах гэх тодотгосон нэршлийн тухайд өнгөрсөн зууны 20-иод оноос эхлэлтэй. Мафийн зартай толгойлогчдын нэг Аль Капоне хууль бус үйлдлээсээ олсон орлогоо өөрийн угаалгын газраас олсон орлого болгон тайлбарладаг байсныг Холбооны татварын албанаас олж, тогтоож байж. Харин үүнээс дөч орчим жилийн дараа АНУ Банкны нууцлалын тухай хуулийг батлахдаа Мөнгө угаах гэсэн нэр томъёог албан ёсоор тусгаж байсан байх юм. Үүнийг эхэнд өгүүлэхийн учир нь хууль бус аргаар олсон мөнгөө хууль ёсны мэт харагдуулахын тулд боломжит бүхий л сувгуудыг ашиглан үйлдэж буй гэмт хэрэг нь МӨНГӨ УГААХ үйлдэл болохыг тодотгох гэснийх. Манай улс энэ сарын 18-ны өдөр Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад багтсан. Тус байгууллагын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд сүүлийн хоёр жилд холбогдох байгууллагуудаас чамгүй ажил хийсэн ч сайжруулах ёстой дөрвөн үзүүлэлт байгааг ФАТФ сануулсан.
Сайжруулах үүрэг хүлээсэн үзүүлэлтүүдийн нэг нь Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх тухай юм. Тэгвэл энэ хүрээнд олон асуудал яригдах ёстой. Тухайлбал, Монгол дахь хар тамхины хэрэглээ, хар зах зээлийн асуудал энд хамаарах юм. Угаагдаж буй мөнгөний гарал үүслийг судлаачид тодорхойлохдоо хар тамхины наймаа, хүний наймаа, авилга, хээл хахууль, контрабанд гэхчлэн жагсаадаг. ФАТФ-ын зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбогдох эрсдэлтэй гэмт хэргийн тоонд 21 гэмт хэрэг багтаасны тавдугаарт Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бусад эм, бодис бэлдмэлийн хууль бус борлуулалт, тээвэрлэлтийн хэргийг нэрлэсэн байсан. Мөн терроризмыг санхүүжүүлдэг эх сурвалжийн эхэнд хар тамхи, зэвсгийн наймааны хууль бус эргэлтийг цохон тэмдэглэдэг.
Тэгвэл манай улсын тухайд хар тамхи, мансууруулах бодисын эрэлт, нийлүүлэлт жилээс жилд нэмэгдэж буйг гэмт хэргийн статистик мэдээлэл харуулж буй. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд бүртгэгдсэн Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй гэмт хэргийн тоон үзүүлэлтийг харахад 2010-2015 онд Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой 258 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ бол таван жилийн статистик. Гэтэл 2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байгаа юм. Холбогчдын 85.4 хувь нь 19-35 насны залуус байгааг эдийн засгийн агуулгаар харвал нийлүүлэгч тал урт хугацааны, тогтвортой эрэлт бүхий бүлэг рүү илүү давшиж буй нь харагдана. Энэ оны зөвхөн нэгдүгээр сард гэхэд Гаалийн ерөнхий газар мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан таван удаагийн үйлдлийг илрүүлсэн байгаа юм. 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хар тамхи тээвэрлэж явсан гурван этгээдийг цагдаагийн байгууллага баривчлахад 500 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхи илэрсэн гэх мэдээлэл мөн бий. Тэгэхээр уг хэргийн гаралт болоод нэг л удаагийн баривчилгаагаар илэрч буй хар тамхины мөнгөн дүнгийн хэмжээ зэрэг нь монголд хар тамхины хар зах нутагшсаныг ойлгуулж байна. Хар тамхи хэрэглэж донтсон нэг иргэн жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг донтох хэрэглээндээ зарцуулдаг болсон гэсэн багцаа судалгаа долоон жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхний ширээн дээр тавигдсан байдаг. Үүнийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан.
50 мянган хэрэглэгч байлаа гэж бодоход нэг жилд хоёр их наяд орчим төгрөгийн эрэлт, нийлүүлэлт энэ хар зах дээр эргэлдэж байна гэсэн үг. Гэхдээ энэ 30-40 сая төгрөг гэдэг бол долоон жилийн өмнөх мөнгөн дүн шүү. Өдгөө хар тамхинд донтсон иргэний жилийн хэрэглээ хэд орчим төгрөгөөр хэмжигдэж буйг тооцоолсон судалгаа байхгүй байна. Харин хар тамхинд донтогчдын тооны өсөлтийн багцаа судалгааг жилийн хэрэглээний зардалтай харьцуулах дөхсөн үзүүлэлт гарах магадлалтай. Тиймээс донтогчдын тоо хэрхэн өсөж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.
Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын анхны судалгааг 1999 онд анх хийсэн юм байна. Тухайн судалгааг өсвөр насны 1000 хүүхдийн дунд явуулахад 45 хүүхэд өвсний ургамал татаж хэрэглэдэг нь тогтоогдож байсан аж. Тэгвэл 2013 оны аравдугаар сард явуулсан судалгаагаар 1000 хүүхэд тутмын 561 нь хар тамхи, мансууруулах бодис ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзсэн гэх харамсалтай үзүүлэлт гарсныг "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгээс хэвлэлийн хурлаар мэдээлж байв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас 2012 онд гаргасан мэдээлэлд сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн байна гэж байсан бол 2019 оны байдлаар бүртгэгдсэн хэрэглэгчийн тоо 20 мянга орчим гэж байгаа юм. Гэтэл донтогчдын тооны өсөлтийг тооцдог олон улсын аргачлал нь нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэж үздэг юм байна.
Ингэж харах юм бол манай улсын хувьд хэчнээн ч хүн хар тамхины зах зээлийг өөрсдийн амьдралаа золиослон өргөжүүлж, санхүүжүүлж байгааг төсөөлөхөд бэрх. 20 мянган хэрэглэгчийн ард өшөө 60 мянган донтогч нуугдаж байгаа юу. Ер нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг зөрчлийн цаана хэчнээн төгрөгийн хар зах зээл нууц байдалд байна вэ. Хар тамхины орлогыг угаах процесс явагдаж байна уу гэдэг асуудал зайлшгүй анхаарал татна. 80 мянган иргэн хар тамхины идэвхтэй хэрэглэгч байлаа гэж бодоход энэ зах зээлд гурван их наядыг давсан мөнгөний эргэлт байна гэж харах хэрэгтэй болж байна. Улсын төсвийн орлогын 1/3-тэй тэнцэх хэмжээний мөнгө энэ зах зээлийг амьдруулан урагшлуулахдаа хэд дахин өсөж, үржиж байгаа вэ. Эдийн засаг руу урсаж орохдоо хаагуур дамжин зүсээ хувилгаж байгаа вэ гэдэг асуудал мэдээж анхаарал татаж байна. Бохир мөнгийг тооцож тодорхойлох гээд дэлхий нийтээрээ дийлэхгүй байгаа шиг бид эндээ ч учраа олохгүй яваа тал бий л дээ.
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр хэлэхдээ “2017 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 38 хувь, 26-35 насны холбогдогч 88 хувиар өмнөх оныхоос нэмэгдсэн нь энэ асуудал яг л хорт хавдар шиг томорч буйг нотолж байна. Хар тамхинд зориуд донтуулж, ашиг олж бизнес хийж байгаа гэмт этгээдүүд өөрсдийнхөө зах зээлийг тэлэхийг эрмэлзэнэ. Тэр зах зээл нь зөвхөн баян чинээлэг хүмүүсийг онилдог гэсэн үг биш. Амьдралын боломж муутай залуусыг татан оролцуулах замаар дараа дараагийн гэмт хэргийн золиос болгох хандлага бий. Ялангуяа өсвөр насны охид, бүсгүйчүүдийг донтуулаад биеийг нь үнэлүүлэх, хүний наймааны золиос болгох төлөв байдал байгаа нь бидний сэтгэлийг их зовоож байна... Өнгөрсөн оны хавар Засгийн газраас “Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хуулийн машинаар нухчин дарах арга бол хамгийн эцсийн арга хэрэгсэл. Хар тамхи татсан этгээдийг шийтгэсэн тоо нь жил бүр нэмэгддэг. Ялын бодлого ч суларсан зүйл байхгүй. Гэхдээ эцсийн дүндээ нөхцөл байдал нь дордоод, цар хүрээ нь томорч байгаа дүр зураг ажиглагдаад байгаа учраас эндээс ашиг олж байгаа, гол зохион байгуулагч эздийг олж илрүүлэх нь хууль хяналтын байгууллагын гол зорилго байх ёстой. Хууль хяналтын байгууллагын ажлыг ч энэ шалгуураар дүгнэх цаг нэгэнт болсон байна” гэсэн байдаг.
2010-2015 онд бүртгэгдсэн энэ төрлийн 258 гэмт хэргийн 80 нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн тоо байна. Мөн онуудад хамгийн их хөрөнгө битүүмжилсэн 20 гэмт хэргийн төрөлд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис бэлтгэх, олж авах гэмт хэрэг багтсан байгаа юм. Үнийн дүнг нь харахад 282 сая гаруй төгрөг байсан. Энэ бол гурван жилийн хугацаанд битүүмжилсэн хөрөнгийн үнийн дүн. Харин одоо бол нэг л удаагийн баривчилгааны цаана зуу зуун саяар хэмжигдэх мөнгөөр хэмжигдэх хар тамхи илэрсэн нь хар тамхины хах зах зээл ноцтой тэлснийг л харуулаад байх шиг. Хар зах томрох тусам тэндхийн бохир мөнгөнд зүсээ хувиргах шаардлага үүсэх нь бараг бичигдээгүй хууль. Донтогчдын тоо тогтмол өсөж буй нь энэ бичигдээгүй хуулийг хөрсөн дээр буулгахад түлхэц болох нь мөн л циклийн дагуух үйл явц. Тэгэхээр хяналтаас гарсан гэгдэх ийм том асуудлыг тал талаасаа анхаарч, хамжиж цэгцлэхгүй бол бид маргааш саарал жагсаалтаас гарлаа ч нөгөөдөр эргээд л орохыг үгүйсгэх аргагүй.
Сэтгэгдэл ( 0 )