УИХ-ын дарга Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан буруутнуудыг тодруулж, тэдэнтэй бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцох асуудал ярьсан даруйд төрийн өндөр албан тушаалд горилогчдын нэр жам ёсоороо төрийн ордноос дуулдах болов. УИХ Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр оруулж иржээ
Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчийг парламент огцруулж, томилдог гэдэг утгаараа уг томилгооны ард томоохон улс төр явж байгаа аж.
УИХ-ын даргын ангийн анд, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал горилогчдын тэргүүн эгнээнд явсан бол одоо хэд хэдэн хүний нэр нэмэгджээ. Бусдыгаа бодвол сулхан өрсөлдөгчид тооцогдож байгаа Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын нэр ямартаа ч явж байна. Төв банкны ерөнхийлөгчийг улс төрийн зорилгоор шахаж байгааг ойлгосон өөр нэгэн улстөрч банк санхүүгийн салбарыг оргилд суухаар зүтгэж эхэлсэн яриа явах болж. Энэ бол одоогийн УИХ-ын гишүүн, хуучнаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан. Тэрбээр би гишүүнээсээ татгалзаад төв банкны ерөнхийлөгчөөр очиход алзахгүй хэмээн ам алдсан сурагтай. Мөн удтал гацсан төмөр замын бүтээн байгуулалтуудыг мөнгө хэвлэн санхүүжүүлэх зорилгоор банкны салбарын нэгэн эрхмийг нэлээн дээрээс нэрлэсэн гэдэг мэдээлэл байна. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч асан Л.Соронзонболд гэдэг нэр горилогчдын дунд орж ирсэн нь ийм учиртай байж мэднэ. Үүнтэй холбогдуулан мэдээлэхэд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Монголбанк руу үл ойлгогдох бичиг илгээсэн тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Албан бичгийн далд санаа нь экспортыг нэмэгдүүлэх ажлыг Монголбанк мөнгөний бодлогоор дэмжих ёстой гэсэн утга. Одоо бодоход, тэр нь экспортын төмөр замыг дэмжээ гэсэн санаа байжээ.
УИХ Төв банк руу мөнгө зээлэхийг үүрэгдсэн, үндэсний мөнгөн тэмдэгт хэвлэж, зах зээлд нийлүүлэх шаардлагыг Монголбанк боломжгүй зүйл гэж үзсэн тухай яриа ч улс төрийн хүрээнд явж байв. Учир нь АН засгийн эрх барьсан 2012-2016 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр Худалдаа хөгжлийн банкны өөр нэг төлөөлөл ажиллаж байсан юм. Н.Золжаргал ерөнхийлөгчийн ажилласан дөрвөн жилд Төв банк 4.8 орчим их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг санхүүжүүлсэн. Үүнийгээ санхүүжүүлэхийн тулд дөрвөн жилд олон их наядаар тоологдох төгрөг хэвлэн зах зээлд оруулж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд авсныг одоо ч илааршуулж амжаагүй байгаа. 2016 оноос хойш арай гэж эрүүлжиж буй эдийн засагт одоо дахин мөнгө хэвлэвэл юу болох вэ. Тэр бол хэзээ ч хаалга тогшиж магадгүй хямрал. Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө улстөрчдийн сонирхлыг маш ихээр татдаг. Тэдний нөлөөнд автсан Монголбанкны ерөнхийлөгч бодлогогүй шийдвэр гаргаж, эдийн засгаа унагаасан саяхны жишээ мөн л хямрал. Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооны тухай үргэлжлүүлэхэд, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү, Монголбанкны одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг энэ албан тушаалд горилж байгаа гэх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэдгийг ойрын эх сурвалжууд хэлж байгаа. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд “Төрийн удирдлага надтай “Саарал жасгаалт”-ын асуудлыг ганц надтай холбон хариуцлага тооцох гэж байгаа бол миний хувьд татгалзах зүйлгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдээд байгаа юм. Н.Баяртсайханы хувьд өнгөрсөн хугацаанд оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлсэн гэдгээ УИХ-ын дарга хаягласан захидалдаа ч дурдсан байна.
Нэгэнт Монголбанкны ерөнхийлөгчийг солих асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон учраас мэргэжлийн өндөр шаардлага тавьж ажиллах чадвартай, Монгол Улсын мөнгөний авдрыг хатуу чанга гараар найдвартай хадгалж өсгөж арвижуулж чадах, Төв банкны мэргэшсэн, олон улсын санхүү банкны туршлагатай итгэл даахуйц хүнийг олж тавих хэрэгтэй гэдгийг судлаачдын зүгээс хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )