Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэгийн урилгаар БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Унг Гил Чой, Галын бодлогын хэлтсийн дарга Сён Хо Чо, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Мин Жүн Шин нар Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Улаанбаатар хот БНСУ-ын Сөүл хоттой нийгэм, эдийн засаг, соёлын салбарт хамтран ажилладаг, найрсаг харилцаатай түнш хотууд бөгөөд хоёр хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга, төлөөлөгчид нийслэлд айлчилж байгаа явдал юм. Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Унг Гил Чой, Галын бодлогын хэлтсийн дарга Сён Хо Чо, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Мин Жүн Шин нар өнөө өглөө Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэгтэй тусгайлан уулзалт хийв. Энэ үеэр хоёр тал хүн амыг аливаа гамшгийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад харилцан туршлага солилцох, цаашид мэргэжлийн аврагчдыг сургаж, дадлагажуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцжээ. Сөүл хотын Онцгой байдлын газартай хамтран ажиллаж, аврагч, боловсон хүчнээ сургаж дадлагажуулснаар манай аврагчдын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, мэргэжлийн ур чадвар улам сайжрах юм. Зочид уулзалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Мөнхбаярын ажлын өрөөнд зочиллоо. Хотын дарга ирсэн зочдод Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэнд талархлаа илэрхийлсэн байна. Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Унг Гил Чой, Галын бодлогын хэлтсийн дарга Сён Хо Чо, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Мин Жүн Шин нар 16.00 цагаас НОБГ-ын Шуурхай бүлэг 105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас” одонт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах юм. Шуурхай бүлэг 105 нь нийслэлийн нутаг дэвсгэрт гардаг аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажилладаг бол Аврах, гал унтраах 10 дугаар анги Улаанбаатар хотын хэмжээнд гардаг гал түймрийн нийт дуудлагын 70 гаруй хувьд нь очиж ажилладаг байна. Нийслэлийн хэмжээнд жилд гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой 1700 орчим дуудлага ирдэг бөгөөд үүний 80 гаруй хувийг ойн болон обьектын гал түймрийн дуудлага, үлдсэн хувийг химийн бодис алдагдах, хүн, малын гоц халдварт өвчин, техникийн холбогдолтой ослын болон аврах ажиллагаатай холбогдолтой дуудлагууд эзэлдэг байна.
Зочид маргааш өглөө ОБЕГ-ын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр даргатай уулзалт хийх юм байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )