Митакэүми 12 давахад озэки болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 09

Энэ сарын 10-нд Фүкүокад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн нэгэн онцлог бол сэкивакэ Митакэүмигийн озэки цолны төлөө хийх дайралт.

Өнгөрсөн есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн тул Кюүшюүд түрүүлэхэд “Хоёр тэмцээн дараалан түрүүлбэл озэки цол олгоно” гэсэн дүрмийн заалтыг биелүүлнэ. Түрүүлж чадахгүй байсан ч 12 даваа авах хэрэгтэй. Санякү дээр сүүлийн гурван башёд 33 давахад озэки цол авах бас нэгэн дүрэм бий. Нагояд 9, Намрын тэмцээнд 12 давсан тул түүнд Кюүшюүд 12 даваа л хэрэгтэй.

Фүкүокад хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Митакэүми “Арваас дээш, өнгөрсөн башё шиг 12 давах зорилготой. Сүүлийн гурван тэмцээн эхний өдөр унасан тул энэ удаад гараагаа сайн эхлэх болно. Озэки цол Кюүшюүд авахгүй байсан ч дараагийн башёд боломжоо хадгалахаар барилдахыг зорьж байна. Хүчтэй хар салхинд нэрвэгдсэн төрөлх Нагано мужийнхандаа ялж, давж сэтгэлийн дэмжлэг өгмөөр байна ” гэж хэлсэн.

Намрын тэмцээний тусгай шагналын мөнгө болох хоёр сая иэнээ хар салхины хохирлыг арилгах үйлсэд хандивласан гэнэ. Алимын талбай нь бүрэн сүйдсэн найзынхаа цэвэрлэгээ, засварын ажилд ирэх сард туслахаар болжээ.

Митакэүмигийн озэки болоход учирч байгаа гол саад гэвэл Кюүшюүд тэр муу барилддаг. Мэргэжлийн сүмод ороод дөрвөн удаа энд барилдахдаа, 8-7, 6-9, 9-6, 7-8 гэж башёг дуусгаж байсан. Өнгөрсөн жил 10 давахад озэки гэж очоод 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй билээ. Митакэүми өөрөө үүнийг Кюүшюүгийн хүйтэн цаг агаартай холбон тайлбарлаж байгаа.

2019 оны хамгийн олон даваатай бөхийн жагсаалтыг одоогийн байдлаар сэкивакэ Митакэүми, комүсүби Аби хоёр 45 даваатай тэргүүлж, Асанояма 44 даваатай нэхэж явна. Митакэүми Кюүшюү башёгийн эхний өдөр маэгашира Миёогирюү, хоёр дахь өдөр комүсүби Хокүтофүжитэй барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top