Г.Цогт-Эрдэнэ: Цэвдэгтэй бүсэд зам илүү эвдэрч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Монгол Улсын 105 сумын нутаг, хатуу хучилттай замын 1200 орчим километр нь цэвдэгтэй бүсэд оршдог байна. Цэвдэг хэмээх чулуулаг нь усны эх үүсвэрийн нэг болж байгаль орчны экосистемд үнэлж баршгүй эерэг нөлөөг үзүүлдэг хэдий ч зам, барилгын салбарт ноцтой гарз, хохирол учруулдаг байгалийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Мөн 1971 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 63 хувьд нь тархаж байсан цэвдэг одоогоор Монгол орны 29 хувийг л хамрах болж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр юмс өөрчлөгдсөөр байна. Энэ бүх өөрчлөлтийг бид дэд бүтцийн салбартаа тусгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дэлхийн дэвшилтэт технологиудыг монгол эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн зам, барилгын салбарт нэвтрүүлэх цаг нэгэнт иржээ. Түүнчлэн Монгол орны өнөөгийн цэвдгийн нөхцөл байдал, цэвдэг нь зам, барилгад хэрхэн нөлөөлж, эвддэг тухай сонирхолтой сэдвүүдээр ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Цогт-Эрдэнэтэй ярилцлаа.


-Миний хувьд газрын гүнд байдаг хүйтэн зүйлийг цэвдэг гэж ойлгодог. Таныхаар цэвдэг гэж яг юуг хэлээд байна вэ. Монгол орны нутаг дэвсгэрт цэвдэг хэр тархсан бэ?

-Цэвдэг гэдэг нь газрын гүний тодорхой төвшинд хоёроос дээш жилд, тэгээс доош хэмд оршдог хөрс чулуулаг юм. 2016 оны судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3 хувийг цэвдэг эзэлдэг хэмээн тодорхойлсон. Дэлхийн 48 улсын нутагт ямар нэг хэмжээгээр цэвдэг тархсан байдаг. Монгол Улсын хувьд Орос, Канад, Хятад, Америкийн дараа тавдугаарт ордог. Тэгэхээр манай улс газар нутгийн цэвдгийн тархалтаараа дэлхийд дээгүүрт ордог гэж ойлгож болно. Монгол орон нь сибирийн үргэлжилсэн цэвдгийн өмнө захад оршдог онцлогтой. Манай орны цэвдгийн өөр нэг онцлог гэвэл тэг хэмд ойрхон буюу гэсэхдээ амархан, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, мэдрэмтгий байгаа юм. Тухайлбал, сүүлийн 40-50 жилийн хугацаанд цэвдэг эрчимтэй хайлж, үгүй болж байгааг бидний судалгаа харуулж байна.

-Монгол Улсын судлаачид цэвдгийн судалгааг хэчнээн жил хийж байна. Судалснаар ямар ач холбогдолтой юм бэ?

-Монгол орны хувьд 1940 оноос цэвдгийг судалж эхэлсэн. Энэ үед Улаанбаатар хотын бүтээн байгуулалт ид өрнөж эхэлсэн. Налайхын нүүрсний уурхай, Мах комбинатын үйлдвэр, МУИС-ийн нэгдүгээр байр гээд л баригдаж эхэлсэн. Гэтэл бүтээн байгуулалттай зэрэгцээд цэвдэг гэдэг зүйл гараад ирсэн. Ямар учиртайг нь манайд судалдаг хүн байгаагүй учраас Орос Улсаас мэргэжилтнүүд авчирч, тухайн үеийн зарим барилгын цэвдгийн судалгааг хийлгэж байв. Ингээд бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажилд цэвдэг гэж асуудал тулгардаг юм байна, судлах хэрэгтэй гэдгийг манай улс дөнгөж мэдэж авлаа. Улмаар 1950 оны сүүл, 1960 оны эхээр цэвдгийн талаар судлах үндэсний мэргэжилтнийг бэлдэж эхэлсэн юм.1958 онд Цэвдэг судлалын станц байгуулсан. Улмаар өргөжин тэлж 1962 онд ШУА-ийн харьяа Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулж, цэвдэг судлалын тасгийг анхны дөрвөн тасгийн нэгээр байгуулж байсан түүхтэй. Өнөөдрийн хувьд цэвдгийг хоёр талаас нь судалж байна. Нэг талаасаа цэвдэгтэй газар байшин барилга, дэд бүтэц, зам барихаар нураад байна гэдэг асуудлыг судалдаг инженерийн цэвдэг судлал. Нөгөө талаасаа цэвдэг нь байгаль орчин, экосистемд маш чухал үүрэгтэй гэдгийг судлах ерөнхий цэвдэг судлал яригдана.

-Цэвдэг байгаль, экосистемд хэр тустай вэ?

-Монгол орны Хэнтий, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсын өндөрлөг хэсэгт цэвдэг түлхүү тархсан байдаг. Тэр цэвдэгтэй өндөрлөг хэсгүүдийн ач тусаар Туул, Орхон, Чулуут, Идэр, Завхан голуудын ус нь бүрэлдэж, урсаж байдаг. Цэвдэг ус үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Монгол орны нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэгтэй байсан бол одоо 29 хувь болж буурсан. Цэвдэг алдарч үгүй болсноор гол, горхи, булаг, шандын ус доош газарт шингээд, булаг шанд оргилж гарч ирж чадахгүй болж байгаа юм. Монгол орны цэвдгийг хуурай бөгөөд гандуу бүсийн цэвдэг гэж үздэг. Ийм хуурай уур амьсгалтай нутгийн цэвдэг бусад орны цэвдгээс бүр хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Хуурай бүсэд цэвдэгтэй л бол амьдрал байдаг. Цэвдэг устаж, үгүй болбол цөлжилт асар хурдацтай эрчимжинэ гэдэг. Тэгэхээр цэвдэг нь экосистемийн маш үнэ цэнтэй нэг бүрэлдэхүүн хэсэг юм.

-1971 оноос хойш Монгол орны цэвдэг 40 гаруй хувиар багасжээ. Яагаад ингэж хурдацтай багасаад байна. Гол, горхийг тэжээж, усны ундаргыг арвижуулдаг учраас цэвдэг маш их ач холбогдолтой зүйл юм байна. Хайлж устаж байгааг нь зогсоох арга хэмжээ авч болох уу?

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээ авах хэрэгтэй. Цэвдэг бол газрын гадаргын цацраг, дулааны тэнцвэр дээр оршдог. Зам бариад газрын гадаргыг хар асфальтаар хучиж байна. Байшин бариад хөрсийг нь өөрчилж байна. Үүний уршгаар тэдгээрийн дор байгаа цэвдэг нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, газрын гадаргын тэнцвэр өөрчлөгдөж байгаа учраас доош дулаан илүү нэвчиж, нөлөөгөөр нь хөрс, гадаргын доорх цэвдэг гэсэж байна. Тэгэхээр бид газрын гадаргын өвс, ургамал, модыг үгүй хийж, уул уурхай зэрэг үйл ажиллагаагаар ухаж сүйтгээд байвал цэвдгийн гэсэлт илүү эрчимжинэ. Эсрэгээрээ газрын хөрсийг хөндөхгүй, ургамлын бүрхэвчийг зохистой ашиглаж, сүйтгэхгүй бол цэвдэг оршсоор байх болно. Энгийн жишээ хэлэхэд, ойд түймэр болоход тухайн хавийн цэвдэг маш хурдан гэсчихдэг. Ижилхэн ой хэрнээ түймэрт өртөөгүй бол цэвдэг нь хэвээр байдаг юм.

-Цэвдэг гэж бидний эрхэмлэн хайрладаг ургамал ногоо, хөрш шорооноос ялгаагүй байгалийн бүтээгдэхүүн ажээ. Устаж, үгүй болоход нь хөрс, шорооны эвдрэлээс гадна уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөх байх?

-Тэгэлгүй яах вэ. Нөлөөлж байна. Цэвдгийн температур нь 10 жил тутамд 0.1-0.3 хэм дулаарч, улирлын гэсэлтийн давхарга нь 5-20 см-ээр нэмэгдэж байгаа.

-Замын эвдрэлд цэвдэг хэрхэн нөлөөлж байгааг гурван жилийн өмнөөс ШУА-ийн цэвдэг судлалын эрдэмтэн, судлаачид хийж эхэлсэн гэж сонссон?

-2017-2019 оны хооронд хэрэгжүүлсэн “Зарим авто замын дагуух цэвдгийн судалгаа” гэсэн суурь судалгааны ажлыг доктор (Ph.D) Я.Жамбалжав, доктор (Ph.D) А.Саруулзаяа болон миний бие оролцсон баг хийж гүйцэтгэж байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсад төлөөлөн есөн цэгийг сонгож аваад тухайн замууд дээр өрөмдлөг болон геофизикийн хэмжилт, судалгаа хийж цэвдгийн төлөв байдал ямархуу байгааг гурван жилийн турш судалсан. Судалгааны үр дүнгээс харахад, тухайн авто замын ойролцоох цооногийн цэвдгийн температур эрчимтэй дулаарч байна. Мөн замын далангийн доорх цэвдэг зарим газраа хайлж, үгүй болжээ. Үүний улмаас хатуу хучилттай зам дээрх зарим хэсэг овойх, суух, хагарах, халианд автах үзэгдэл олноор ажиглагдсан. Ер нь, Монгол орны хэмжээнд тавигдсан хатуу хучилттай замын 1200 орчим километр нь цэвдэгтэй нутгийг дайран өнгөрдөг шүү дээ. Замын далангийн доорх цэвдэг гэссэнээс замын хучилт 50-60 см-ээр суусан хэсгүүд ч бий. Эдгээр үзэгдэл нь зам угсралтын ажил дууссанаас хойш 2-3 жилийн дараа илэрч байгаа учраас улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж ирсэн. Тиймээс цэвдгээс шалтгаалж маш эрчимтэй эвдэрч байгаа замуудыг одоогийнх шиг засварлаад өнгөрөх биш цаг алдалгүй, ул суурьтай арга хэмжээ авах шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байна.

-Зам эвдэрснээр хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй эрдэнэт хүний амь нас эрстэж байна. Та бүхний судалгааны үндсэн дээр замын эвдрэлийг яаж засварлах хэрэгтэй гэж гарсан бэ?

-Хөдөө, орон нутагт цэвдгийн улмаас эвдэрсэн замд жаахан хурдтай явахад л автомашиныг аваад шидчихээр нөхцөл үүсээд байна. Мөн бартаа, саадтай зам байна гэдгийг анхааруулсан тэмдгүүдийг анзаарахгүй жолооч олон байдгийг нутгийн иргэд бидэнд хэлж байсан. Замын ослын 80 гаруй хувь хөдөө, орон нутагт гарч байна. Гэтэл замын хонхойж эвдэрсэн хэсгийг засварлах ажил хоёроос гурван жилийн л настай байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө л цэвдгээс шалтгаалж зам эвдэрч, зассан ч дахин эвдрээд байгаа юм. Юун түрүүнд замын эвдэрч байгаа шалтгаан, асуудлыг нь зөв тодорхойлох нь маш чухал байлаа.

-Цэвдэгтэй бүсэд зам илүү эвдэрч байна гэдгийг судалгаагаар тогтоочихлоо. Барилга, байгууламжийн хувьд ямар асуудал үүсэж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 105 сумын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээний цэвдэг байна. Үүнээс 31 сумын төв нь цэвдэгтэй байна. Тэдгээр сумын төвийн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга, хувийн байшинд цэвдгээс үүдэлтэй асуудлууд үүссэн байдаг. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Ханх сум, Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Отгон сум, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвийн зарим барилгад хэцүүхэн нөхцөл байдал үүссэн жишээг нүдээр харсан. Цэвдэгтэй газарт барьсан байшингийн хана ангайж, цуурдаг. Шал доош хонхойж суудаг. Ингэж явсаар таваас 10 жилийн дараа л гэхэд барилга, байгууламжийг ашиглах боломжгүй болдог. Эхнээсээ ч барилгууд нь хаагдаад эхэллээ.

-Барилга, байгууламжийн сууринаас нь эхлээд цэвдгийн судалгааг зөв хийж өгөх ёстой санагдлаа. Энэ талаарх судалгааг хийлгэхээр холбогдох яам, агентлагаас та бүхэнд хандаж байв уу?

-Зарим авто замын дагуух цэвдгийн судалгааг БСШСУЯ-наас захиалж хийлгэсэн. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ч ганц, хоёр хүн тус дэм болсон. Гэхдээ зам, барилгын цэвдгийн судалгааг зөвхөн манай хүрээлэн хийдэггүй. Судалгаа, зураг төслийг нь гаргадаг янз бүрийн л инженер геологийн компани гадуур байна. Дүгнэлтийг хуурамчаар гаргаад өгчихдөг. Дутуу гаргаад өгчихдөг. Иймэрхүү нөхцөл байдлаас шалтгаалж одоо нурах дөхсөн зарим барилга үүсээд байгааг ч үгүйсгэхгүй. Чанартай барилга барихад мөнгө харамламааргүй байна. Насжилт урттай барилга байгууламж барихаа л эхэнд бодмоор байна.

-Зөвхөн орон нутагт гэлтгүй хотод ч гэсэн цэвдэгтэй газарт байшин бариад хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаа иргэд чамгүй олон бий. Замын хувьд ч гэсэн улс орон хохирч байна. Тэгэхээр асуудлаас гарах шийдлийг нь тодорхой хэлэхгүй юу?

-Цэвдэгт бүс нутгийн авто замын төлөвлөлт, зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд цэвдгийн нөхцөлийг огт тооцоогүйг бидний судалгаа нотолж байгаа. Барилга, зам барих норм, стандарт мөрдөгдөөд удаж байгаа боловч өнөөдөр амьдралд нийцэхгүй болсон. 1970 оноос хойших уур амьсгалын өөрчлөлтүүдийг норм, дүрэмдээ тусгах цаг нэгэнт ирсэн гэж би хатуу байр суурьтайгаар бодож байна. Дэлхийн цэвдэгтэй бүс нутагт оршдог улсуудын хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаас харахад манай орны нутаг дэвсгэрт гурван технологийг авч ашиглаж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, чанартай дулаан тусгаарлагч материалыг зам, барилгад нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ аргын хувьд зөвхөн тохирох цэвдэг дээр нь л ашиглах хэрэгтэйг тодотгоё. Хоёрдугаарт, “байгалийн арга” гэж арга байна. Энэ аргыг хиргисүүрээс санаа авсан арга гэж ойлгож болно. Хиргисүүрийн чулуун дор үүссэн цэвдэг гэсдэггүй. Хөлдүү хэвээр байдаг учраас энэ технологийн дагуу зам, барилга баривал асуудал үүсэхгүй юм. Зам барилгын нөхцөлд тохируулан чулуун овоолго хийнэ гэсэн үг. Гуравдугаарт, “хөлдөөгч хоолой” ашиглах аргыг хэрэглэх нь зүйтэй. Хөлдөөгч хоолойг гаднаас оруулж ирэхэд жаахан үнэтэй боловч дотооддоо хийвэл хямд, төсөр болно. Мөн Монголдоо туршиж үзэхэд энэ арга маш эерэг нөлөө үзүүлж байсан. Хөлдөөгч хоолойнуудаас хоёр фазын хоолойг түгээмэл хэрэглэдэг. Үүнийг ашигласнаар хоолой доторх биетүүд шингэн болон уур гэсэн хоёр төлөвт шилждэг. Хоолойг суурилуулахад ямар нэг эрчим хүч шаардахгүйгээр хүйтэн болон дулааныг шууд дамжуулах боломжтой. Улмаар дулаан хэсэг нь дээрээ, хүйтэн хэсэг нь үргэлж дороо байрлах боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гадаргуу доорх хүйтэн хэмд цэвдэг өөрчлөгдөхгүй болдог. Ингэснээр байгальд ээлтэй мөн зам, барилгыг эвдэж гэмтээхгүй. Энэ мэт АНУ, Канад, Орос, Хятад Улсад хэрэгжүүлж амжилт олсон шинэлэг шийдлийн арга, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэхгүй бол “Нүглийн нүдийг гурилаар хуурдаг” байдал зам, барилга дээрээс мөд арилахгүй. Иргэдийн амьдрал, нийгэмд, улс орны ирээдүйд гарз, хохирол учруулж дуусахгүй гэдгийг дахин дахин хэлж, анхааруулмаар байна.
 

Архангай  аймгийн Цахир сумын сургууль

Архангай  аймгийн Цахир сумын эмнэлэг

Өлгий- Улаанбайшинт чиглэлийн засмал замын эвдэрсэн хэсэг

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттүвшин (64.119.24.175) 2021 оны 01 сарын 26

Сайхан ярилцлага болжээ. \nИх олон хүмүүс хөрсний судалгаа хийлгүүлэлгүй байшин бариулаад дараад нь цэвдэг мэт байгалийн хүчин зүйлсээс бллж эвдрэл хохирол их амсдаг. Тэгээд буруугаа барилгын компаниас боллоо гэдэг. \nХувь хүн болон гүйцэтгэгч компаниуд аль аль нь судалгаа шинжилгээг эрдэмтэн судлаачид бүхий мэргэжлийн байгууллагад хандаж хийлгэвэл зүгээр юм байна лээ.

0  |  0
Zochin(103.212.118.58) 2020 оны 03 сарын 13

Дэлхийн дулаарал тээврийн тэзү-г өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэнэ

0  |  0
Зочин(103.14.38.139) 2021 оны 01 сарын 25

Цэвдгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй ирж уулзаарай. Манай хаяг : 11-р хороолол Америк элчингийн чанх баруун талд, ШУА-ийн ГГХ-ийн 2-р байр. Хоёр давхар цэнхэр байшин.

4  |  2
zochin(103.14.38.139) 2020 оны 01 сарын 09

Tsewdeg geh oilgoltiig ilvv delgerengvi awmaar bna.

1  |  1
Top