Хятад улс энэ оны эцэст нүүрсний импортоо танах төлөвтэй байгааг тус улсын шинжээчид хоёр сарын өмнө “Coal Mongolia”-гийн индэр дээрээс дуулгаж байсан билээ. Тэгвэл Хятадын үндэсний нүүрсний ассоциацын мэдээллээр жилд гаднаас авах нүүрсний хэмжээг 300 сая тонноос хэтрүүлэхгүй байх бодлого барьж буй тус улс оны эхний арван сарын гүйцэтгэлээр 280 орчим сая тонн нүүрс авчихаад байна. Тэгэхээр манай нүүрсний үндсэн гол зах зээлийн эрэлт бодлогын дагуу хумигдах нь энэ оны эцэс гэхэд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй бидний хувьд таагүй мэдээ. Өмнөд хөрш нүүрсний импортоо нэмж, 300 сая тоннд тулгалаа гэж бодоход нэмж авч магадгүй 20 сая тонных нь хэд хэчнээн хувийг биднээс авах вэ гэдэг асуулт мэдээж тавигдана. Манай тухайд есдүгээр сарын байдлаар 28.6 сая тонн нүүрс экспортолсон. Тэгэхээр арванхоёрдугаар сарын эцэс гэхэд нэмж 13 сая тонныг хил давуулсан байх ёстой. Гэвч бодит байдал дээр тийм боломж байхгүй гэдэгтэй эдийн засагчид санал нэгдэж байгаа юм.
Бид эндээ нүүрсний экспортын төсөөллийг хэчнээн өндөр тооцлоо гээд Хятадын нүүрсний салбарын бодлогоос манай экспорт хамаарна гэдгийг өнгөрсөн оны сүүлийн үйл явц тод харуулсан шүү дээ. Яг л жилийн өмнөх үйл явц л даа. Хятад улс 2018 онд худалдан авах нүүрсний хэмжээгээ 14 сая тонноор хэтрүүлсэн учраас Монгол болон бусад орнуудаас худалдан авалт хийхээ түр зогсоож байв. Тэгвэл жилийн өмнөх энэ үйл явц оны төгсгөлд дахин давтагдаж болзошгүй байна. Есдүгээр сарын байдлаар нүүрсний экспортоос төсвийн дансанд орсон орлогын хэмжээ жилийн өмнөхөөс 312.5 сая ам.доллароор илүү байгаа ч хэрэв Хятад улс ойрын өдрүүдэд нүүрс авахгүй гээд гэдийчихвэл өнөөдрийн өсөлт маргааш хөөс болно гэсэн үг. Нөгөө талаас жил бүрийн өдийд давтагдах цикл маягийн энэ үйл явцыг, өмнөд хөршийн бодлогыг тооцож, төлөвлөж төсвийн төслөө зурж сурах шаардлага бас дагаж буй юм.
Ер нь бидний хувьд дэлхийд нөөц нь яригдах том ордтой ч гэлээ нүүрсний салбарын өрсөлдөөнд бол ямар ч бэлтгэлгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа. “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Монгол Улс нүүрсний өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй байна. Одоо нүүрсний үнэ өндөр байгаа болохоор манайх өрсөлдөөнд гайгүй яваад байна гэж бодоцгоож байх шиг байна. Сорилт тулгарахад бэлтгэлгүй байна. Дараагийн хямрал айсуй. Гэтэл бид төмөр замгүй хэвээрээ. Ингэж өөрсдийгөө хохироодог улс байна уу. Бид олон жил ярилаа. Одоо дахиад ярихаар солиотой гэж харагдах байлгүй. Төмөр зам тавих ёстой гэдгийг эрхбиш хүн болгон ойлгосон байлгүй. Одоо барих л үлдлээ” гэхчлэн ярьж байсан. Түүний хэлсэнчлэн бид өрсөлдөөнд бэлтгэлгүй гэдгийг нөхцөл байдал харуулж байгаа. Хэн хэндээ туниад байсан Хятад, Австралийн харилцаанд гэрэл тусаж эхэлсэн нь манай нүүрсний салбарын өөдрөг төсөөлөлд мэдээж сайн нөлөөтэй биш.
Мөн дээр нь Тувагийн Элегест ордын нүүрсийг БНХАУ руу хүргэх Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг манай Ерөнхийлөгч Х.Баттулга балиашиглаад давхиад байгаа. Тавантолгойн нүүрсээ хэрхэн яаж Хятад болон бусад зах зээлд хүргэх вэ гэдгээ шийдэн ядаж байж Тувагийн нүүрсийг түрүүлж хүргэх гээд байгаа нь анхаарал татаж буй. ОХУ-ын хэвлэлд Тува улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д нүүрс нийлүүлэх төмөр замын дэд бүтцийг 2021 он хүртэлх жил хагасын хугацаанд Монгол Улс барьж байгуулахаар болсон гэх мэдээлэл хүртэл гараад амжсан. Тэгэхээр Тавантолгойн өрсөлдөх чадварыг өнгөлөх өөрийн төмөр замыг олон жилээр гацаадаг бидний хувьд өрсөлдөөнд бэлэн биш гэдэгт эргэлзээд байх юм угаасаа байхгүй.
Сангийн яамны тооцооллоор энэ оны нүүрсний экспорт 2-3 сая тонноор тасалдах магадлалтай гэж байсан. Гэхдээ эхэнд хэлсэнчлэн Хятадууд авахгүй гээд гэдийчихвэл энэ хэмжээ нэмэгдэх магадлалтай юм. Ирэх онд Хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглалыг Австралийн Аж үйлдвэр, инновац, шинжлэх ухааны яамнаас гаргасныг мөн сануулъя. Энэ нь БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах магадлал нэмэгдэж буйг илтгэж буй юм. Үүний улмаас Монголын нүүрсний экспорт хийгээд үнэд нөлөөлж мэднэ.
Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт хийгээд, худалдааны маргааны улмаас Австралийн коксжих нүүрсний үнэ 150 ам.доллар руу орж буурахаар байгаа нь Монголын нүүрсний үнийн өсөлтөд сөрөг нөлөөлөл дагуулж магадгүй байгаа. Энэ мэтээр харахад манай нүүрсний экспортод таагүй мэдээлэл дагуулж мэдэх цөөнгүй хүчин зүйлс байна.
Сэтгэгдэл ( 2 )
TUMUR ZAMIG HAA,UURHAIG HAA
Монголын том хулгайчдын хоорондын тэмцэл Гашуунсухайтын томор зам дээр илэрчээд байгааг Монгол юм ойлгодог болгон мэдэхээр болчихоод байгаа. Зуунбаянгийн томор зам руу хийсэн монгийг Гашуунсухайт руу хийгээд бутээн байгуулалтыг эхлуулчихсэн бол ядахдаа 267 км замаара нуурсээ зоогоод машинаас гадна нэмээд 30 сая тонныг экспортлоход бэлэн байлаа ОДОО ЯАЯ ГЭХЭВ ЭРХ МЭДЭЛ МОНГОНИЙ АСАР ТОМ ТУЛААН УРГЭЛЖИЛСЭЭР