Авлигыг хэн өөгшүүлж, дэвжүүлдэг вэ. Энэ асуултад олон янзын хариулт гарч байна. Нэг талаас эрх мэдлээрээ далайлган иргэдээс илүү мөнгө тоншдог төр засгийн албан хаагчид, нөгөөтэйгүүр мөнгөнөөс болоод нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй шуналт зарим иргэд гэж хэлж болно. Ерөнхийдөө ийм хоёр зааг дээр авлига улам хүрээгээ тэлж байна. Сүүлийн үед хотод баригдаж байгаа замбараагүй олон барилгуудын эзэд цөмөөрөө шахуу авлигаар ажлаа бүтээж байгаа ажээ. Үүнээс болоод хотын аль ч гудамжаар яваад ороход битүү гудамж, шавааралдсан барилгууд дунд хүмүүс үгээ барж, үйл тамаа цайдаг боллоо. Энд хэн буруутай вэ гэхээр ихэнх нь дарга нар руу л заана. Үнэндээ хотын захиргаа хуулийн дагуу ийм луйврыг тас цохих чадамжгүй болсон юм шиг байна. Энэ талаар хориод жил ярьцгааж байгаа. Хүүхдүүд тоглох талбайгүй, хөгшид нарлаж суух газаргүй, мод бут тарьж цэцэрлэгжүүлэх газар ч олдохоо больжээ. Хотын хөрөнгө оруулалтын газрынхан ярьж байна. Ногоон байгууламжид оруулах хөрөнгө оруулалт хангалттай гэж. Гэсэн ч мөнгө хичнээн байгаад хэрэггүй боллоо. Ногоон байгууламжийг зөвхөн гэр хорооллын айлуудын хашаан дотор л байгуулахаас өөр аргагүй. Барилгын компаниуд бусад бүх газрыг аваад шавааралдсан олон байшингаар зам хааж, цэцэрлэг талбайг үгүй хийлээ. Ийм л орчинд авлига хүчээ авдаг ажээ. “Алтай констракшн” гэж нэг даварсан айл бий. Шадар сайд М.Энхболдын ивээлийн компани гэгддэг. Газрын зөвшөөрлийг хаана л бол хаана дураараа авч барилга барьдаг. Тэднийх Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын хажууд барилга барихаар ойр хавийн хамаг модыг булга татаж хаяад, газар ухан, кран байрлуулаад хэдэн сар болжээ. Нийслэлийн засаг даргын захирамж гарч энд барилга бариулахгүй гэсэн боловч тус компани тоосон шинжгүй байна. Хотын захирагч Г.Мөнхбаярын захирамжаар уг газарт ногоон төгөл бүхий усан оргилууртай хүрээлэн байгуулахаар болсон юмсанж. Дүүргийн удирдлага ч үүнийг нь биелүүлж чадсангүй. Ийнхүү “Алтай констракшн” хууль, захирамжаас дээгүүр эрх мэдэлтэй компани болж тодров. Мөн үүнтэй зэрэгцээд Герман, Монголын хамтарсан “Адоре” компани 120 мянгатын 14, 15 дугаар байрыг тулган байшин барьснаар тэдгээр байрны оршин суугчдыг шоронгийн хоригдлоос долоон дор нөхцөлтэй болгосон байна. Эдгээр байруудын оршин суугчид өглөө, өдөр, оройн нар үздэггүй. Өвөл нь өдөр ч гэсэн гэрлээ асааж суудаг. Эс тэгвэл гэр дотроо шөнө явж байгаа мэт тэмтчиж алхдаг болсон юм. Иймэрхүү амьдралтай учирсан оршин суугчид таван жилийн турш шүүхдэж явсаар шийдвэрийг өөрсдийн талд гаргуулсан ч байдал дээрдсэнгүй. Нийслэлийн засаг даргын захирамж гарч уг барилгыг нураах шийдвэр гарсан боловч бас л хэрэгжээгүй байна. Анхнаас нь мэргэжлийн хяналтынхан үзээд энэ барилгыг барьж болохгүй гэсэн юм билээ. Гэсэн ч тус компанийхан дур мэдэн барьжээ. Яагаад ийм юм болов гээд компаний эздээс гадна бас өөр эздийг хайгаад явтал харин эдгээр байруудыг хариуцдаг “Оргил” СӨХ-ын дарга нар хариуцлага хүлээх нь тодорхой болов. Тус СӨХ-ны нягтлан бодогч байсан Нараа гэгч эмэгтэй айлуудаас санал авах нэрийдлээр цулгуй цаасан дээр баахан гарын үсэг зуруулж аваад дээр нь “Барилга барихыг зөвшөөрсөн хүмүүс” гээд бичсэн байлаа. Үүнд иргэд бухимдаж эхлэхэд “Адоре” компанийхан нь айл тус бүрд нэг сая төгрөг тараагаад өгчихжээ. Мөнгө авсан хүмүүс ч яахав. Тэгсхийгээд амаа үдүүлсэн мэт чимээгүй болсон гэнэ. Гэхдээ тэд нар үзэхгүй, хүйт даасан байрандаа чичирч дагжин суухаас аргагүй болсон байлаа. Авлига гэгч нь ингэж бусдын эрх, эрх чөлөөг тас цохив. “Адоре” компани хуулийн өмнө хариуцлага хүлээсэнгүй. Хууль хяналтынхан ч тэдэнтэй эвлэрсэн бололтой.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )