Замын Үүдийн боомтоор хагас кг хар тамхи оруулж ирэх гээд баригджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

Замын-Үүд боомтоор У гэгч мансууруулах төрлийн 500 грамм героин оруулж ирэхийг завджээ. Манай улсын хувьд өмнө нь ийм их хэмжээний героин оруулж ирсэн тохиолдол байдаггүй аж. Хэрэгтнийг Замын-Үүдийн гааль, тагнуулын ажилтнууд илрүүлжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа “Цагдан хорих” төвд түр саатуулсан байна. Энэ хэргийг УМБГ-т шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн У-д нарийвчилсан үзлэг хийхэд биеэс нь 500 грамм нунтаг цагаан бодис гарсан байна. Энэ дагуу нунтаг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжүүлэхэд хар тамхины төрлийн героин болох нь тогтоогджээ. Ийм хэмжээний героин дунджаар 700-800 мянган доллар болдог гэнэ. Тиймээс У-г авч явсан героиноо Монголоор дамжуулан ОХУ руу гаргах зорилготой байсан хэмээн таамаглаж байгаа аж. Их хэмжээний цэвэр хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан Улаанбаатар хотын харьяат У-д Э-ийнХХ-ийн ТА-ийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүний гэм буруутай нь тогтоогдвол хар тамхи зөөвөрлөгч У нь хуульд зааснаар 10-20 жилийн ял сонсох юм байна. Энэ зүйл ангиар DJ Өөжий буюу О.Ганболд, Н.Мөнхбаяр нар мөн шалгагдаж байгаа билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top