“Авлигатай тэмцэгч” дарга нар шоронгоос Хүний эрхийн комисст хандан “Бидний эрхийг зөрчиж байна” хэмээн гомдоллоод байна. Гэхдээ тус комисс тэдний энэ гомдлын үгийг эцсийн эцэст шүүх эрх мэдэл рүү л хандуулахаас өөр замгүй болов уу. Хоёр шатны шүүхийн шийдвэрт Ч.Сангарагчаа тэргүүтнийг буруутай гэсэн. Одоо Ч.Сангарагчаагийн орны хүний асуудал ид яригдаж байна. Ойрноос Ерөнхийлөгчийн Тамгын газар хавилдуу Авлигатай тэмцэх газрын даргад Банзрагчийн Дэлгэрмааг зүтгүүлж магадгүй гэсэн яриа өрнөж эхэлжээ. Б.Дэлгэрмааг Монголын бараг бүх хүн сайн таних байх. Ардчилсан намын лидерүүдийн нэг, хуульч, улс төр судлаач мэргэжилтэй. Төр, нийгэм, улс төрийн аливаа асуудалд өөрийн гэсэн хатуу байр суурьтай, шударга эмэгтэй гэгддэг. Намынхаа доторхи элдэв будлианыг хүртэл ил тод шүүмжилдэг, ер нь бурууд хатуу хүн хэмээн журмын нөхөд нь түүнээс эмээдэг ажээ. Ийм хатуу самар Авлигатай тэмцэх газрыг зөв гольдролоор авч явж чадна гэж зарим эх сурвалжууд үнэлж байна. Гэвч авлигад идэгдсэн төр, засгийн томчууд түүнээс айгаад энэ албан тушаалд ажиллуулахыг хүсэхгүй гэсэн яриа ч төрийн ордон дотор тэнүүчилж явна. Үнэн болов уу. Авлигад дасал болсон дарга нар түүнийг хараад үнхэлцэг нь хагарах шахаж байгаа биз ээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )