УИХ-ын даргад хандаж Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн.
Тиймээс өнөөдөр /2019.11.15/ УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр Монголын үндэсний фронт хөдөлгөөн байрлаж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд очиход "УИХ-ын даргатай биечлэн уулзаж, хариуг авна" хэмээн шаардлагад хариу өгсөн албан бичгийг хүлээж авахгүй гэжээ.
УИХ-ын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ "Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурьдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай" дурьдсан байна.
Түүнчлэн уг хариу бичигт "Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ. Монгол Улсын Их Хурлын даргаас хөдөлгөөний удирдлагын шаардлагад хариу өгсөн албан бичгийг гардуулахаар очсоныхоо дараа Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байгааг хэлээд Үндсэн хуулийн бус хүрээнд өрнөж буй асуудлаар УИХ-ын дарга биечлэн хүлээж авч уулзах нь хууль ёсны мэтээр ойлгогдох, тайлбарлагдах байдал үүсэж болзошгүйг тэмдэглэв.Тэрбээр мөн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд байх юм бол иргэн хүн эрхээ хамгаалахаар шаардлага тавих, хариуцлага тооцохыг шаардах, эсэргүүцэх, шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх нь хэзээд нээлттэй" хэмээн тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар ч хувьсгал хуулийн дагуу болдоггүй, энэ бүх үйл явдал тэмцлийн хуулиар явах болно\n