Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах "Уур амьсгалын өөрчлөлт...бид юу хийж чадах вэ?” бага хурал энэ сарын 9-13- ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Энэ хуралдаанаар дэлхийн улс орнуудад тулгамдсан олон асуудлын нэг болох "Дэлхийн уур амьсгалын еөрчлөлт"-ийн хөдөлгөөнд хүүхдийн зуслангуудын оролцоог идэвхжүүлэх асуудлыг ярилцах юм.
Манай улсын хот, хөдөөгийн хүүхдийн зусланд энэ сэдвээр мэдээлэл солилцож, харилцан туршлага судлах арга хэмжээ болно. Улсын хэмжээнд 50 гаруй хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас энэ зун 45 зуслан бүрэн хүчээр ажиллах ажээ. Одоогийн тооцоолсноор 80,000 гаруй хүүхэд зусланд хамрагдах боломжтой гэж хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд мэдээлээд байгаа юм. Зусланд амрагч хүүхдүүдэд байгаль экологийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох, байгаль орчноо хамгаалахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх нь энэ арга хэмжээний онцлог болох юм гэж хуралдаанд бэлтгэгчид ярилаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөн ярилцах зөвлөлгөөнд үндэсний зуслангуудын холбооны 40, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын 40, Ази, номхон далайн бүсийн зуслангуудын 20 гаруй төлөөлөгч болон Монголын 21 аймаг, нийслэлийг төлөөлөх 70 шахам хүүхэд, өсвөр үеийнхэн гээд нийтдээ 170 төлөөлөгч оролцох юм байна. Гадаадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ, Япон, Австрали, БНХАУ, ӨМӨЗО, Сингапур зэрэг орны зуслангийн ажилтнууд, Англи, АНУ, Шинэ Зеланд, Филлипин улсаас манай оронд ажиллаж буй сайн дурын ажилтнууд оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Гадаад, дотоодын төлөөлөгчид "Найрамдал" төвийн эргэн тойронд Эко аялап, дадлага, үзүүлэх тоглолт хийнэ. Эл олон улсын бага хурлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн хүрээнд зохион байгуулж буй юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )