“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр: Нутаг чөлөөлөх ажиллагаанд 70 морьтон хөдөлгөчихсөн байгаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Монголын  төрийн дотоод, гадаад бодлого үндэсний язгуур ашиг сонирхлын эсрэг явагдаж байгааг эсэргүүцэж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх ээлжит тэмцлийнхээ талаар үзэл бодлоо  илэрхийлж мэдээлэл  хийлээ. Түүнээс энэхүү тэмцлийнх нь талаар тодруулсан юм.

-Танай холбоо Засгийн газрын эсрэг тэмцлээ өрнүүлээд багагүй хугацааг үджээ. Ер нь үр дүн ажиглагдаж байна уу?

-Засгийн газар болон УИХ-д бид удаа дараа шаардлага тавьсан ч тоосонгүй. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд манай “Гал үндэстэн” холбоо ойлголцохыг хүсч ажилласан. Энэ ч үүднээс маш их хүчин чармайлт гаргаж, Сүхбаатарын талбайд гэр барьж сар гаруй хүлээлээ. Хариу өгөхгүй 20 гаруй хоносны дараа шаардлагынхаа хариуг хугацаатай болгож дахин өргөн барьсан. Энэ хугацаанд “Монголын төр ард түмнээ сонсох чадвараа алдсан байна” гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймээс Монгол улсынхаа газар нутгийг хэвээр хадгалж үлдэх үүднээс нутаг чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.

-Нутаг чөлөөлөх ажиллагаа хаанаас эхэлж байгаа вэ?

-Бид нутаг чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлэхээр эхний ээлжинд 70 гаруй морьтонг хөдөлгөчихсөн байгаа. Зарим нь очих газартаа хүрсэн байна. Нутаг  чөлөөлөх үйл ажиллагаа баруун зүүн гэсэн хоёр чиглэлд гарсан. Эхнийх нь Хангай нурууны сав газар, хоёр дахь нь Сэлэнгийн сав газрууд юм. Эхнийх нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” урт нэртэй хуулийг хүчингүй болгох юм. Энэ асуудал өчигдөр Байнгын хороон дээр яригдаад чуулганаар хэлэлцэхээр болсон. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагуудтай бид хамтарч ажиллаж байна. Хэн нэгний өш хонзон санасан, хувиа хичээсэн харилцаан дээр тулгуурлаж үндэстэн холбооны тэргүүн биднийг гүтгэх, айлган сүрдүүлэх оролдлогыг хийж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top