Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хоёр хууль зөрчигдсөн байдаг. Нэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-тай зөвшилцөөгүй. Дубайн гэрээ бас тийм. 4.7-6 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөөгүй. Гэтэл одоо энэ хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулах гэсэн төлөвлөгөө орж ирж байна. Оюутолгойн асуудлыг би эхнээс нь эсэргүүцсэн. Надад ямар ч хариуцлага ноогдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүний алдааг хэзээ ч уучилж чадахгүй. Монголын баялгийг барьцаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгочхоод тэр мөнгөө Монголд зээлчихсэн. Энэ чинь луйвар. Өнөөдөр тэр зээлд төлж байгаа хэмжээ нь манайд төлж байгаа татвараас өндөр. Цэвэр дээрэм. “Рио Тинто” Монголын баялгийг үнэгүй эзэмшиж байгаа. Ч.Сайханбилэг гэдэг нөхөр дураараа загнаад зээл авчихсан. Оюутолгойн гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй. Үүнийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа эндээс авчихсан. Эд нарт одоо алдах юм байхгүй болсон. Ийм зүйлийг “Саарал жагсаалт”-д орно гэж биднийг айлгаад явчихъя гэж байгаа юм байна. Цаг хугацаа шүүнэ шүү. Ч.Сайханбилэгийг, С.Баярыг шүүж байна. Энэ асуудлыг буруугаар шийдвэл дараа дараагийн олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Ирэх сонгуулиа бодох ёстой. Ард иргэд чих тавин чагнаж байна. Тиймээс “Хар жагсаалт”-д орно гэж байгаад нөхцөл байдлыг хүндрүүлчих вий гэсэн болгоомжлол байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Үүнд байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Оюутолгойн ордын ашиглалттай холбоотой УИХ-ын даргын захирамжаар Д.Тэрбишдагваар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс 86 дүгнэлтийг танилцуулсан. Эдгээр дүгнэлтийн хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 оны зургаадугаар сарын 3-нд надаар ахлуулан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бид 86 дүгнэлтийн хүрээнд есөн янзаар тогтоолын төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Бид Засгийн газрын саналыг авсан. Дубайн гэрээ Монгол Улсын олон хуулийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмнөөлсөн зүйл байхгүй. Тогтоолын төсөлд 2009, 2011 оны гэрээнүүдийг сайжруулж, хууль тогтоомжид нийцүүл, хараат бус зөвлөхийн үйлчилгээ авч ажилла гэдэг зүйлийг оруулсан. Гэрээ 10 жил үргэлжилж байгаа. Тиймээс сайжруулах чиглэл рүү явах болов уу гэж үзсэн. Дубайн гэрээг хүчингүй болгохыг бид үгүйсгээгүй. Ордын 34 хувь Монгол Улсад ашиггүй байна. Үүнийг нөөц ашигласны төлбөрөөр солих, Монгол Улсад ашигтай байдлаар солих, ТЭЗҮ-г шинэчлэх, дагалдах элементийн ТЭЗҮ-г баталгаажуулах зэрэг санаанууд энэ тогтоолд явж байгаа. Тиймээс Засгийн газар Оюутолгойтой ширээний ард сууж гэрээг сайжруулах чиглэлээр ажиллах учиртай” хэмээн хариуллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37