"Тэргэнцэртэй гоо бүсгүй" уралдааны тэргүүн титмийг Б.Лхамсүрэн хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Эмэгтэйчүүдийн "Бриллиант клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулсан "Тэргэнцэртэй гоо бүсгүй" үндэсний II уралдааны үндэсний ялагчаар Орхон аймгаас оролцсон Б.Лхамсүрэн тодорчээ.

Тэрбээр Франц улсад зохион байгуулагдах “Дэлхийн тэргэнцэртэй гоо бүсгүй” шалгаруулах олон улсын уралдаанд оролцох эрх болон мөнгөн шагналын эзэн болов.

Энэ удаагийн уралдаанд 24-35 насны нийт 20 гаруй тэргэнцэртэй бүсгүй оролцож, шилдэг 10 мисс тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн бөгөөд Ерөнхий шүүгчээр Ардын жүжигчин Н.Сувд, Топ модель, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Пүрэвсүрэн нар ажиллажээ. 

Монгол Улсын хэмжээнд 108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 70 гаруй хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх судалгаа байдаг. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүйсээр нь авч үзвэл 2016 онд 45.2 хувь нь эмэгтэйчүүд, 2017 онд 46.3 хувь, 2018 онд 46.039 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top