Э.Батшугар: Эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт улсын хэмжээнд 40.4 хувьд хүрлээ

50 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

Эрүүл мэндийн сайдЭ.Батшугар Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, үзлэгийн явц, хүүхдийн хамрагдалттай танилцлаа.

2026 оны аравдугаар сарын 15-ны байдлаар:

  • Нийт хамрагдах хүүхэд: 291,998
  • Үзлэгт хамрагдсан хүүхэд: 118,090
  • Улсын хэмжээнд хамрагдалт: 40.4 хувь

Насны бүлгээр 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь, 6 настай хүүхдийнх 45 хувь, 11 настай хүүхдийнх 40 хувь, 15 настай хүүхдийнх 30 хувьтай байна.

Энэ удаагийн үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна:

  • 3 настайд — хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл;
  • 6 настайд — зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэл;
  • 11 настайд — нурууны муруйлт, хавтгай тавхай;
  • 15 настайд — сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч, урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж байна.

Хүүхэд бүрийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох нь эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, ирээдүйд үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top