Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар мөнгөний нийлүүлэлт есдүгээр сад өмнөх оны мөн үеэс 30.7% өсөж, өнгөрсөн жилээс хойш хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Мөнгөний нийлүүлэлт /М2/-ийн өсөлт оны эхний хагас жилд эрчимжсэн. Төсвийн тодотгол ярьж эхэлсэн есдүгээр сараас бүр ч илүү нэмэгджээ. Эхний хагас жилд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гадаад цэвэр активаас шалтгаалж байсан бол есдүгээр сарын өсөлтөд дотоод цэвэр актив огцом өссөн нь нөлөөлжээ.
Том зургаар нь харъя. Гадаад цэвэр актив гэдэг нь тухайн улсын Төв банк болон арилжааны банкнуудын гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудтай хийсэн санхүүгийн хэлцлийн үр дүнд бий болсон гадаад актив (гадаад валют, үнэт цаас, алт гэх мэт) болон гадаад өр төлбөрийн зөрүү юм. Гадаад цэвэр актив өсөх нь тухайн улс руу гадаад валют орж ирж байгааг (экспорт өсөх, гадаад зээл тусламж орох, хөрөнгө оруулалт нэмэгдэх гэх мэт) илтгэдэг бөгөөд энэ нь эргээд дотоод эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт тэлэхэд голлох нөлөө үзүүлдэг. Үүнээс харвал эхний хагас жилд Монгол Улсад хөрөнгө оруулалт сайжирч, валютын нөөц нэмэгдсэн гэсэн үг.
Харин есдүгээр сард дотоод цэвэр актив нь өссөн. Дотоод цэвэр актив гэдэг нь тухайн улсын Төв банк болон арилжааны банкнууд дотоодын эдийн засагт гаргасан нийт зээл болон бусад дотоод хөрөнгө оруулалтын дүнгээс банкны систем дэх засгийн газар болон бусад салбарын цэвэр хадгаламж, бусад өр төлбөрийг хассан үзүүлэлт юм. Дотоодын аж ахуйн нэгж, иргэд, арилжааны банкуудад олгосон зээл болон засгийн газарт олгосон цэвэр зээл орно. Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн есдүгээр сард Засгийн газар бонд гаргасан. Энэ нь дотоод цэвэр актив өсөхөд шууд нөлөөлжээ. Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж байгаагаас шалтгаалан иргэдэд хэрэглээний болон цалингийн зээл авахад хатуу нөхцөл шаарддаг болсон шүү дээ. Дотоод цэвэр актив өсөх нь дотоодын зах зээлд мөнгөний нийлүүлэлт тэлж байгааг илтгэдэг. Хэдийгээр эдийн засгийн суурь онолд бизнесийн болон хэрэглээний зээл нэмэгдэж буйг илтгэдэг боловч манай тохиолдолд энэ нь цэвэр Засгийн газраас хамааралтай байна.

Сэтгэгдэл ( 0 )