Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12%-д хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Эдийн засаг болон банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан байна.
Энэ тухай Мөнгөний бодлогын хорооны гишүүн Р.Даваадорж хэлэхдээ “Инфляц төв банкны зорилтот түвшинд байх төсөөлөл хэвээ байгаа ч шатахуун болон мах, хүнсний ногооны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа тул цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй” гэсэн юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөн 12%-д хүргэж байлаа. Бүтэн жилийн хугацаанд энэ хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Цаашид дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж бодлогын хүү өсөж ч магадгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )