ТАНИЛЦ: Эх орноо төлөөлөх мисс Б.Гүнзаяа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 68 дахь удаагийн “Miss Universe” уралдаанд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Б.Гүнзаяа тодорсон билээ.

Б.Гүнзаяагийн хувьд 1994 онд Улаанбаатар хотод төрж, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Ерөнхий боловсролын дунд сургууль төгсжээ. 

Загвар өмсөгчийн гараагаа "Face off Mongolia" буюу Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс эхэлсэн байна. Түүнээс хойш Турк улсад болсон "Photo model of the world 2016" тэмцээнд оролцож, 45 орны гоо бүсгүйгээс гуравдугаар байр буюу "Second runner-up Miss elegance", Хятадын Засгийн газраас зохион байгуулдаг "Miss Leisure world 2016" тэмцээнд Хятадын Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг,  диплом, “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм, дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох “The world miss tourism ambassador 2018” тэмцээнээс гуравдугаар байрын шагналыг хүртэж байжээ.  

Эрх зүйч мэргэжилтэй. 2017 онд Монголоос анх удаагаа Азийн кино наадамд уригдан, улаан хивсний ёслолд оролцож, "Дэлхийн фото мисс”-ийн тэмцээнийг ч шүүж явсан урлагийн мэдрэмжтэй бүсгүй. 

Тэрбээр хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, “Хүүхэд эрдэнэ” сангаар дамжуулан хүүхдүүдийн сайн сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулдаг. Ялангуяа ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөөх олон санаачилгад хамтарч, талархал хүлээсэн билээ. 

Дашрамд сонирхуулахад, монгол үндэсний халх эхнэрийн дээлнээс санаа аван бүтээсэн "Star wars" киноны Амидала хатны хувцсыг "Торго" салоны дизайнер О.Болд түүнд зориулан урлаж байгаа ажээ. Урлаг болсон энэхүү бүтээлийг мисс Б.Гүнзаяа “Miss Universe”-ийн тайзнаа өмсөж,  дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн нүдийг хужирлах аж. 


ТҮҮНИЙ ГЭРЭЛ ЗУРГААС СОНИРХУУЛЪЯ

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top