Орчлонд хэн ядуу бол, түүнд зориулмуу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг  дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна.

 

Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

                                                                                                Б.Явуухулан

 

Сохор зоосны дууль

 

Орчлонд хэн ядуу бол

Түүнд зориулмуу би.

 

Сүйх   тэргэнд   хөллөсөн

Хатирч   морь   довтлох   шиг

Суудаг   тэргэнд   орсон

Хүн-хүлэг   жирийлгэнэ

 

Хөнгөн   хоёр   дугуй

Хүрд   адил  эргэлдэнэ.

Хөндлөнгөөс   нь   харвал

Хигээсгүй   юм   шиг   үзэгдэнэ.

 

Хөхөрч   гандсан   биед

Хөлснөөс   зузаан   хувцасгүй

Хөлийн   хоёр   уланд

Сайрнаас   зузаан   гуталгүй

 

Хөлсний   хөөрхий   тэрэгчин

Бөг   бөг   шогшино.

Хөлсөлж  унадаг   ямбатан

Хүн-хүлэг   гэж   нэрлэнэ.

 

Бүрэнхийн   дунд   бүүдэгнэж

Булан   тохой   тойрно.

Харанхуйн   дунд   сүүтэгнэж

Харах   бараагүй   арилна.

 

Зайлуул,  тэдний  нэг  нь

Жирийлгэж   явна,   харъя.

Алив,   тэгээд  дайралдсаных

Араас   нь  жаал   дагая.

 

Хэн   гэгч   нь   морилж

Хүн-хүлэг   хүлэглээ   вэ?

Ямар   гээч   ордонд  нь

Яаруу   ажил  гараа  вэ?

 

Хүн   хүлгийнхээ   ард

Ханхар   эр   дэлчийнэ

Суудал   доорхи   жинтүү   нь

Шаз   тавим   налчийна.

 

Ямбатай   эрийн   амнаас

Янжуурын  утаа  суунаглана

Ядуу   хүний   нуруун   дээр

Түймэр   шатах   шиг   үзэгдэнэ.

 

Хөнгөн   хоёр   дугуй

Хүрд   адил   эргэлдэнэ

Хөндлөнгөөс   нь   харахад

Хигээсгүй   юм   шиг   үзэгдэнэ.

 

Холбоо   хоёр   нум

Хотос   хотос   нахилзана

Солбио   хоёр   хөл

Тахис  тахис  гүйнэ.

 

Хөлийн   нь   эвэршсэн  ул

Цардмал   зам   алгадна

Хөлсөн   дээл   нь  сэмрээд

Чим  чим дусална.

 

Гишгэсэн   газрын   цардас

Хайлах   шахам   хоцорно

Хөөрхий   тэрэгчний   шандас

Хөвч адил чавхадна.

 

Хөлсний   энэ   тэрэгчин

Хөнгөн   тэргээ   чирсээр

Хар   үүрээр   эртлэн

Хотын   төвд  иржээ.

 

Хөлслөх   хүн   горьдож

Хөштөл   тэнд   хүлээжээ

Хөгжөөнт   хотын   эрээнд

Хөхөрсөн   нүд   нь   чилжээ

 

Бүгчим   наранд  шарагдаж

Хөөрхий  энэ  тэрэгчин

Бүхэл   өдөржин   зогссоныг

Хэн  ч  ер   ажсангүй.

 

Хөл   хөгжөөнт   хот

Хуучин   янзаар   бужигнана

Хөлсний  тэрэгчин   сондгойрч

Гав   ганцаар   зогсоно.

 

Гэтэл   харин   ашгүй

Гэрэлт   наран   шингэх   үед

Хаа  хүрэхий  нь   мэдэхгүй

Ханхар   эр   иржээ.

Хүрэх  газар   хол,

Хүч  чадлаараа   гүйгээрэй!

«Хол»  гэдэг  үг   бол

«Мөнгө»   гэсэн   үг

 

Мань  тэрэгчин   дуулаад

Магнай   хагартал   баярлаж

Гар   дамжаагүй   мөнгө

Гарыг   нь зүсэх   шиг болж,

 

Өт  олсон  шувуу

Өндөрт   хурдаа   авах  шиг

Хөл   нь  газар   хүрэхгүй

Хатирч   яваа  нь энэ  ээ!

 

Хөнгөн  хоёр   дугуй

Хүрд   адил   эргэлдэнэ

Хүч   чадлаа  шавхан

Хүн-хүлэг  жирийлгэнэ.

 

Холбоо   хоёр   нум

Хотос   хотос   нахилзана.

Солбио   хоёр   хөл

Тахис  тахис   гүйнэ.

 

Ядуу   тэрэгчний   хөл   дор

Хүйтэн   зам   урсана

Ямбатай  эрийн   хөл   дор

Хүний   хөлс  урсана

 

Өлөн   үнэгний   гүйдэг

Үнэгэн   харанхуйн   үеэр

Өтгөн   нойрны   дардаг

Үүрийн   таван  жингээр

 

Гар   хоосон   тэрэгчин

Гэрээ   орхин   гардаг   юм

Гэр   булээ   тэжээх

Хэд   гурвыг   олдог  юм.

 

Өдөр   хүн   тээвэл

Үдэш     гэр   нь  хоолтой

Үдэш   гэр   нь   хоолтой   бол

Тэрэгчний   бие   жаргалтай

 

Өнгө   өнгийн   бодолд

Өдөржин шөнөжин дарагддаг юм

Өөрөө  гадаа   яваа ч   бол

Сэтгэл   нь  гэртээ   байдаг   юм.

 

Хамар   сэтлэм   чийгтэй

Ханхай   өрөө   нь  хүлээдэг   юм

Ханын   бяцхан   тавиур   дээр

Хоосон   сав   ярайдаг  юм

 

Нялх   биетэй   эхнэр   нь

Хоол ундгүй цонхийдог юм

Нялзрай   бяцхан  үр   нь

Гэдэс  өлөн   уйлагнадаг   юм

 

Амраг   ханьдаа   үнэнч   бол

Арал   дунд  хатирах   нь зүй

Бүлтгэр   үрдээ   хайртай   бол

Бүрэнхийн   дунд  шогших нь ёс.

 

Хөнгөн   хоёр   дугуй

Хүрд   адил   эргэлдэнэ

Хүч   тамираа   гаргаж

Хүн-хүлэг   зүтгэнэ.

 

Холбоо   хоёр   нум

Хотос  хотос   нахилзана

Солбио  хоёр   хөл

Тахис  тахис   гүйнэ.

 

Бүрэнхийн дунд бүртэлзэж

Булан   тохой   тойрно

Арал   дунд   аахилж

Атга   чадлаа   шавхана.

 

Ядуу   тэрэгчний   хөл  дор

Хүйтэн   зам   урсана

Ямбатай   эрийн   хөл   дор

Хүний   хөлс   урсана.

 

Хамаг  хөлсөө   асгаж

Хотын   захад   ирлээ

Хоёр   борвио   холгож

Холын   хол   гүйлээ

 

Хана   дүүрэн   цонхтой

Хар   чулуун   байшин

Хөөрхий   тэрэгчний   олзонд

Хязгаар   тавин   хөнделслөө.

 

Солбио   хоёр   хөл

Гуйвас   хийгээд   нийллээ

Холбоо   хоёр   нум

Хотос   хийгээд  тэнийлээ.

 

Ханхар эр жишим ч үгүй

Хар байшинд яарав

Хөөрхий   тэрэгчин   хойноос нь

Хөлсөө   нэхэн   сарвайв.

 

Дол   цохисон   жуулчин

Үдшийн   бүрийг   ашиглаж

Дал   мөрөө   давуулан

Сохор   зоос   чулуудав.

 

Хөөрхий   тэрэгчний   хөлд

Хангинах   дуу   нь   гараад

Хатуу  цардмал   зам   дээр

Хадуурч   тойрон      эргэлдэ.

 

Харах   бие   нь   үзэгдэхгүй

Хангинах   чимээ   нь   сонсогдоно

Хангинах   чимээгий   нь   дагаад

Хөлсний   тэрэгчин   эргэлдэнэ

 

Хөрст  дэлхий   тэнхлэгээ

Хүч   аван  эргэв

Хөөрхий   ядуу  тэрэгчин

Хөсөрт   сөгдөн   унав.

Хар   байшингийн  нэг   цонх

Гялсхийн   гэрэлтэв

Хүүхэн хүний шингэн дуу

Тасхийн   хөхрөв

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.90.58) 2020 оны 01 сарын 27

yaj tatah yn be

0  |  1
(202.126.90.58) 2020 оны 01 сарын 27

tataj bolohgui bna aa+

1  |  1
(202.126.90.58) 2020 оны 01 сарын 27

tatahaar 1 download password gd bna sh deee

1  |  1
(202.126.90.58) 2020 оны 01 сарын 27

yaj tatah be shuleg iig tataj bolhuuu

0  |  1
Top