УИХ-ын чуулганаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийг 59 хувийн саналаар баталлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв. Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр билээ. Энэ үүднээс олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт тус медалийг хэнд олгох тухай асуухад Төрийн байгуулалтын байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч энэ шагналыг олгоно. 1999 онд батлагдсан төрийн одон медаль олгох журмыг баримтална. Дээр нь Монгол оронд ардчилсан хувьсгал бий болгосон, түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн олон хүнд олгох юм” хэмээн хариуллаа.
Сэтгэгдэл ( 0 )