Зууны манлай онигоочин Агвааны Тэгшээ тэнгэрийн оронд одлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

Монгол улсын зууны шилдэг онигооч, бөх судлалын нэрт төлөөлөгч, хошин шогийн их авьяастан, цэргийн начин Агвааны Тэгшээ 2011 оны 6-р сарын 8-нд өвчний учир тэнгэрийн орноо одлоо. Тэгшээ 1962 онд Улаанбаатарт төрж 10 жилийн 47-р сургууль, НАХЯ-ны ЦТДС төгсжээ. Цэргийн улс төрч, хилийн цэргийн мэргэжилтэй. Хилийн цэрэг болон цагдаагийн байгууллагад 15 жил ажиллажээ. Бөхийн самбо, жудо барилдаанаар 1987 онд спортын мастер, 1983 онд цэргийн начин цол хүртсэн. Тэгшээ нь Ард түмний гавьяат, Биеийн тамирын тэргүүний ажилтан, авьяаслаг сэтгүүлч бөгөөд монгол бөхийн талаар судалгааны 200 орчим нийтлэлийг уншигчдын хүртээл болгожээ. Ард түмэндээ инээд баясал бэлэглэгч хошин шогийн их авьяастай энэ хүн 1998 онд “Бөхийн наргиа”, Улсын заан Баярсайхантай хамтран “20-р зууны их асрын өмнө” ном хэвлүүлснээс гадна монгол бөхийн тухай сонирхолтой сайхан дөрвөн ном бүтээжээ. 1999 онд “Зууны манлай  онигооч” өргөмжлөл хүртэж, “Азтай бадарчин” уралдааны дэд байр, шилдэг онигооны II байрын шагнал авч байлаа. Олон түмэндээ инээд баясал түгээж явсан таны цагаан сэтгэл, гэгээн дүр ард түмнийхээ зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ом сайн амгалан болтугай.

Талийгаачийн ээж, аав, эгч, дүү, хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top