-Гоёл 2020 наадам шилдгүүдээ шалгарууллаа-
1988 онд Монголын томоохон үйлдвэрүүдийн зохион бүтээх товчооны дизайнерууд нэгдэн багахан хэмжээний шоу зохион бүтээсэн нь өнөөгийн загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл” наадмын үндэс байжээ. Үүнээс хойш жил бүр зохион байгуулагдаж 32 дахь жилтэйгээ золгосон “Гоёл” наадам өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-нд Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.
Өнгө өнгийн гэрэл, загварлаг хувцас, чадварлаг дуучид, авьяаслаг бүжигчид, өвөрмөц шийдэл бүхий тайз засал, шилдэг моделиуд, загвар зохион бүтээгчид бол энэ үдшийн гоёл.
Жил бүр шинэ, залуу загвар өмсөгчдөөр хүчээ сэлбэж, шилдэг брэндүүдийг тодруулдаг “Гоёл” наадамд энэ жил “Эвсэг кашмер”, “Жи фэйшн”, “Зорто фэйшн”, “Бортуа”, “Бажуна”, “Ивээл”, Эртний монгол хийц”, “Урангоо Идэр”, “UGI фэйшн, “Хорол”, “Хөөндий”, “Алтжин” зэрэг брэндүүд өөрсдийн загваруудаа танилцууллаа.
Үндэсний хэв шинжийг хадгалан европ хэв маягт уусгасан загварууд энэ үдэш тайзнаа ноёлж байсан бөгөөд дэлхийн загварын ертөнцөд трэнд болоод буй деталиудыг ч мөн загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлдээ шингээж өгсөн байв. Тайзнаа эдгээр брэндийн загварууд амилсны дараа тус наадмын шүүгчид шилдэг оролцогчдоо шалгаруулсан юм. Ингээд энэхүү үдэш өөрийн авьяас, чадвараар тэргүүлж шилдгээр шалгарсан оролцогчдыг танилцуулъя.
Тусгай шагнал: "Алтжин" брэнд, Б.Уянга
Шилдэг залуу дизайнер: С.Сарнай
Шилдэг мэйк ап артист: “Кристал” салон Болор
Шилдэг үсчин: “Хос мастер” салон, н.Эрдэнэбаяр
Гоёлын хувцасны Шилдэг дизайнер: н.Болормаа
Шилдэг дизайнер: "Шилмэл загвар" салон, Ж.Болор
Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер: н.Өнөржаргал
Үндэсний хувцасны Шилдэг дизайнер: “Эртний Монгол хийц”, О.Уранцэцэг
Шилдэг загвар өмсөгчийн дэд байр: Д.Дэлгэрмаа
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Сайхантамир
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: У.Адьяасүрэн
Шилдэг Фото модель: Д.Халиун
Онцлох загвар зохион бүтээгчид
Тус наадмын онцлох оролцогчдын нэгээр Монголын усны хувцасны анхны брэнд болох "Алтжин" брэндийг үүсгэн байгуулагч Б.Уянга шалгарлаа. “Aqua fitness”-ийг Монголдоо нэвтрүүлж, улмаар усны хувцасны брэнд бий болгосон энэ бүсгүй ноолуурыг металл утастай хослуулсан шинэ технологи бий болгосон нэгэн. Энэ удаагийн наадамд усны хувцас болон хуримын шөнийн коллекцио сойсон тэрбээр "Гоёл наадамд гурав дахь удаагаа оролцож байна.
"Манай "Altjin Fashion Brand" усны хувцасны анхны монгол брэнд гэдгээрээ онцлогтой. Энэ жил хоёр төрлийн хувцсаар оролцсон. Ноолууран усны хувцсаа танилцууллаа. Усанд өмсөж болдог шинэ технологи туршиж, танилцууллаа. Мөн хуримын шөнийн коллекцио танилцуулсан. Амжилттай оролцсондоо маш их баяртай байна" хэмээсэн бол загвар өмсөгч болон загвар зохион бүтээгчийн хувиар оролцсон С.Сарнай “Мөрөөдлөө биелүүлсэн нэгэн”-ээр тодров. Учир нь загвар өмсөгч бүсгүй өөрийн “MONROZE” брэндийн хувцсаараа энэ удаагийн “Гоёл” наадамд загвар зохион бүтээгчийн төрөлд өрсөлдсөн. Энэ нь ч үзэгч, шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч түүнд “Шилдэг залуу дизайнер”-ийн шагналыг авчирсан юм. Энэ тухайгаа загвар өмсөгч бүсгүй “Сэтгэгдэл маш өндөр байна. Анх удаагаа өөрийнхөө бүтээсэн загвараар тэмцээнд оролцож байна. Миний мөрөөдөл өөрийнхөө загварын тайзнаа амилуулах байсан. Тэр мөрөөдөл маань биеллээ. Дээрээс нь "Шилдэг залуу дизайнер" шагнал авсандаа маш их баяртай байна. Тайзан дээр зогсож байгаа загвар зохион бүтээгч гэж дуудуулахдаа хэсэг "Юу билээ" гэж бодсон. Гэхдээ маш гоё байлаа” хэмээсэн юм. Түүний хувьд 2014 оноос эхлэн загвар зохион бүтээж өөрийн брэндийг бий болгосон. Загвар өмсөгч бүсгүйн мэргэжил нэгт нөхөр Э.Мөнх-Эрдэнэ энэ үдэш эхнэрээ үзэгчдийн суудлаас дэмжин, амжилт хүсэн суулаа.
Отгон топ моделиор Д.Долгион тодорлоо
Үзэгчид төдийгүй загвар өмсөгчид, загвар зохион бүтээгчдийн хамгийн хүсэн хүлээдэг мөч бол отгон “Топ модель”-ийг тодруулах торгон агшин. Энэ жилийн хувьд О.Энхжин, Д.Долгион нар топоор шалгарах хамгийн өндөр магадлалтай загвар өмсөгчдөөр нэрлэгдэж байсан бөгөөд үзэгчдийн таамаг ч хол зөрсөнгүй. Загвар өмсөгч Д.Долгион хамгийн отгон “Топ модель”-оор шалгарч авьяас, чадвараа үнэлүүлсэн юм. Тийм ээ, өнөөдөр гоёлоор долгиолсон үдэш байлаа. Түүний хувьд 13 дахь жилдээ "Гоёл" наадмын тайзнаа алхаж буй нэгэн. Дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг "Miss Universe" тэмцээний хамгийн анхны Монгол оролцогч болсон тэрбээр "Miss Mongolia 2012”-ийн тэргүүн мисс, “Гоёл 2017”-ийн шилдэг загвар өмсөгч,“World Super Model 2017" тэмцээний Special Awards номинацийн эзэн.
Мөн дэлхийд алдартай “New York Couture”, “Washington DC” зэрэг загварын долоо хоногуудад оролцож эх орноо амжилттай сурталчилж байсан туршлагатай загвар өмсөгчдийн нэг. Түүнийг тайзнаа гарч ирэх бүрд үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байсан нь хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн топ модель гэдгийг нь эрхгүй баталж байлаа. Түүний топ моделийн шагналыг 2019 оны топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өгсөн бөгөөд үе үеийн топ моделиуд түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Өв тэгш гэж хэлж болохуйц отгон топ модель Д.Долгион ““Гоёл” наадам маань Монголын хамгийн том загварын наадам гэж хэлж болно. 32 жилийн түүхтэй энэхүү наадмаасаа “Отгон топ модель” гэх цол аваад маш их баяртай байна. Мэдээж тэмцээн уралдаанд орж байгаа тамирчин болгон өөрсдийн бэлтгэлийг хангаж байгаа. Миний хувьд “Гоёл” наадамд 13 дахь жилдээ орж байна. Тэгэхээр энэхүү наадам маань миний хамгийн хайртай гэр бүлийн маань нэг юм болов уу гэж боддог юм. Энэ наадамдаа оролцох нь өөрөө загвар өмсөгч бидний хувьд чухал, нэр хүндтэй зүйл байдаг. Хувийн бэлтгэлээ сайн базааж, амжилттай оролцохыг хичээсэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Ийнхүү 32 дахь удаагийн “Гоёл” наадам амжилттай зохин байгуулагдаж дууслаа. Наадам дууссаны маргаашаас эхлэн дараа жилийн “Гоёл” наадамд бэлдэж эхэлдэг загвар өмсөгчид дундаас хэн нь отгон “Топ модель” болж, дизайнерууд дундаас хэн нь шилдгээр шалгарах бол гэдэг хүлээлт энэ мөчөөс эхлэн үүсэж эхэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон Большей хородногородного новости на получение Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37