Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна.
Хүлэг минь, шүлэг минь
Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй
Б.Явуухулан
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!
Дэнлүү хоёр нүдэнд чинь би
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!
Насан идэр залуудаа би
Намрын ногоо шиг гандах хөөрхий!
Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ, хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэнсэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ, хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )