Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.12.17/ зохион байгууллаа.

Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс ерөнхий боловсролын сургуулийн орчин буюу сургууль дотор байдаг хоолны газар, сургуулийн эргэн тойрон дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон хуурсан, шарсан бэлэн бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойлогдохгүй чихэр, жимс, хийжүүлсэн болон өнгө оруулсан ундаа зэргийг худалдаалж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул холбогдох арга хэмжээ авч, таслан зогсоохыг хүссэн өргөдлийг тус Байнгын хороонд ирүүлсэн байна.

Энэ дагуу өмнө нь буюу энэ оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр эл асуудлаар тус Байнгын хорооноос сургуулиудад ажиллаж нөхцөл байдалтай танилцсан  бол өнөөдөр холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авч, шийдвэр гаргах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, албан тушаалтнууд тайлбар мэдээлэл хийхийн зэрэгцээ Байнгын хорооны дарга, гишүүдийн асуултад хариулт өглөө.

“Сургуулийн орчин” гэдэгт Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд зааснаар сургуулийн байр, дотуур байрыг, Газрын тухай хуульд зааснаар сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойрон дахь 150 метр хүртэлх газрыг ойлгох юм.

2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн орчинд хямд өртөгтэй хамгийн чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай газ, цавуу, архи, тамхи зэргийг худалдаалж байгааг таслан зогсоох яаралтай, шийдвэртэй  арга хэмжээ авч, эрхзүйн зохицуулалтыг мөрдөж, уялдаа холбоог хангаж ажиллахыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэв.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, хэлэлцүүлгээс сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргаж, уг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэж байгааг тэмдэглэлээ. 

Зөвлөмжид 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бэлтгэлийг хангах, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2013 онд баталсан цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад архи, согтууруулах ундаа зэрэг шаардлагатай зарим бүтээгдэхүүнийг нэмэх, хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллахыг тусгасан байна.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 дугаар тушаалд,

1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4. Өндөг, хуурай өндөг, майонез

5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7. Кофе

8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмоос гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактери буюу нян, хөгц мөөгөнцөр гэх мэт) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис гэх мэт) -оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан гэх мэт) хоол хүнс

16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол зэргийг оруулсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top