Японы Засгийн газар Дэлхийн “Ехро-2025” үзэсгэлэнг Осака хотноо дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Тус арга хэмжээ Осакагийн булангийн Юмэшима хиймэл арал дээр болох аж. Ехро-2025 үзэсгэлэнгийн объектуудыг барихад зориулж 125 тэрбум иен буюу 1.1 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд ашиглалтын зардал 80 тэрбум иен буюу 730 сая ам.доллар болох гэнэ.
Осака 1970 онд Ехро үзэсгэлэнг зохион байгуулж байжээ. Энэ арга хэмжээд зориулж асар том парк байгуулсан бөгөөд гол үзмэр нь 70 метр өндөр “Нарны цамхаг” байв. Тухайн үед үзэсгэлэнг 64 сая хүн ирж үзжээ.
Ехро-25 үзэсгэлэнгийн сэдэв нь “Гэрэлт амьдралын төлөөх ирээдүйн нийгмийн бүтээх нь”. Энэ сэдэв НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж буйгаас гадна өлсгөлөн, ядуурлыг арилгах, нийгэмд тэгш байдлыг бий болгох, экологийн асуудлыг дэмжихэд хүмүүсийг нэгтгэх хүсэл зорилгыг илэрхийлжээ. Урьдчилсан тооцоогоор, үзэсгэлэнд 28 сая хүн хүрэлцэн ирэхээс гадна Осакагийн эдийн засагт 18 тэрбум ам.долларыг авчрах аж.
Дэлхийн хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах уламжлал ХIX зууны дунд үед тогтжээ. Анхны Ехро Лондон хотноо 1851 онд болж байсан бол Парис хот зургаан удаа хүлээн авч байжээ. Ехро нь олон улсын хамгийн том арга хэмжээ бөгөөд 170 гаруй улс орон оролцдог. Таван жил тутам зохион байгуулагддаг Ехро шинжлэх ухаан, техник, архитектур, урлагийн салбарын ололт амжилтуудыг танилцуулдаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )