Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг МАРГААШ шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Тодруулбал, Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм. Улмаар АТГ-аас Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний дараа, энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтууд ирүүлснийг хавтаст хэрэгт хавсарган хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,  22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Хурал өглөөний 10:00 цагт эхэлж, 13:00 цагийн орчимд завсарласан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, арванхоёрдугаар сарын 26-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн прокуророос /Хуралд улсын яллагчаар оролцогч тал/ дараагийн хуралд энэхүү хэргийг гэрчийг албадан ирүүлэх хүсэлт гаргасан бөгөөд яллагч талын хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, маргааш буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болох хуралд Н.Золжаргалын гэр бүлийн хүнийг гэрчээр албадан ирүүлэхээр болсон гэсэн үг.  Учир нь Н.Золжаргалын Австри улс руу гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийг Австри улсын хуулийн байгууллагаас битүүмжлээд байгаа ба одоо болох шүүх хурлаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл дээрх хөрөнгийг худалдаж, орлогыг улсын хөрөнгө болгох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.34) 2019 оны 12 сарын 25

Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон юм. Гэвч Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан ажээ. Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой

1  |  0
Монгол(103.9.89.18) 2019 оны 12 сарын 25

Хөрөнгийг нь хураагаад буудаж устга.

1  |  0
Top