УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буй бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн сайд С.Чинзориг мэдээллээ.
Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр гурван хувиар, 2019 онд хоёр хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн гэлээ. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэсэн байна.
Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.
Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна.
Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Ийнхүү “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл” нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг хэлсэн.
Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч буйтай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоох юмуу өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүн бий болгох нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсэг гаргажээ. Хуулийн төсөл батлагдснаар иргэд байгалийн баялгаас олох орлогын өгөөжөөс хүртэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын бүх гишүүн ахмадын тэтгэврийг тэглэх, амьжиргааг нь дээшлүүлэхийн эсрэг биш байгаа байх. Харин хуульд нийцүүлэх, Монгол Улсын эдийн засагт илүү ачаа үүрүүлэх вий гэж санаа зовж байгаа байх. Би мөн тийм бодолтой байна. Хоёрдугаар сарын 1-нээс ахмадууд тэтгэврийн зээл авахгүй юм байна. Тэгэхээр тэтгэврийн зээл аваагүй болон авчхаад төлөөд дуусчихсан ахмадууд тэтгэврийн зээл авах хүсэлгүй гэсэн үг биш. Тэдэнд хэрэгцээ бий. УИХ-ын дарга хэлэхдээ гурван сараар хүүгүй, хугацаагүй өгье гээд байгаа. Тэгэхээр 400 мянган ахмадын тал нь нэг сарын дотор бөөндөө цагаан сар болж байгаа юм чинь гурван сараар урьдчилж авна гэвэл нөөцийг хангаж чадах уу. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг нийт ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэж заасан. Байгалийн баялгаа яагаад ахмадууддаа тэгш хуваарилахгүй байгаа юм бэ. Тэтгэврийн зээл аваагүй гэдэг нь буруу гэсэн үг биш. Бусад нь яах юм бэ. Бүх банканд зээлийн эрсдэлийн сан байдаг. Зээлдэгч нас барах юм бол зээлийг хүчингүй болгодог гэж ойлгосон. Зээлийн эрсдэлийн санг ажиллагаанд оруулах боломж байхгүй юу. Салхитын ордын хуулийн маргаан дуусаагүй байхад бонд босгоно гэж яаж харж байна вэ” хэмээн асуув.
Үүнд НХХ-ийн сайд С.Чинзориг “Сүүлийн жилүүдэд арилжааны банкуудтай тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, нөхцөлийг нь сайжруулах санал тавьж ирсэн. Үүний дагуу Монголбанк тэтгэвэр барьцаалсан зээл олгохдоо 30 хувийг нь гар дээр нь тавьж байхаар болсон. Цаашдаа тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал руу шилжихэд нөлөөлж байгаа. Бусад оронд ч иргэдийн орлогыг барьцаалж зээл олгодоггүй юм билээ. Бид хууль боловсруулахдаа Монголбанктай тэтгэвэр барьцаалсан зээлээ нэг жилийн хугацаатай олгох эсвэл хүүгүй, гурав хүртэлх сарын урьдчилгаа олгож болох юм гэж ярьж байгаа. Үндсэн хуульд байгаль баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалттай. ҮАБЗ-өөс тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тэтгэврийг нэг удаа тэглэх арга хэмжээ авах зөвлөмж гаргасан тул хуулийн төслийг боловсруулсан. Тэтгэвэр барьцаалсан зээл нь эрсдэл багатайд тооцогддог. Ахмадууд идэвхтэй зээлээ төлдөг. Бидний судалгаагаар найм орчин тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэйд тооцогдсон. Зээлдэгч нь нас барьсан зээлүүд. Тиймээс зээлдэгч нас барсан бол өрийг нь тэглэх нь зүйтэй гэж үзсэн. Шүүхийн маргааны хувьд тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан байхгүй. Хятадын талын маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй. Тэгэхээр лицензтэй холбоотой маргаан байхгүй” хэмээн хариулав.
Мөн Монголбанкны хууль эрх зүйн газрын захирал Б.Эрдэнэхуяг “Банкан дээр байгаа зээлийн эрсдэлийн сан нь банкнаас олгосон зээлийг зээлдэгч төлөхгүй тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийг тавьж олгохын тулд ажилладаг. Тухайн зээл үнэхээр төлөх боломжгүйг тогтоосон тохиолдолд зээлийг эрсдэлээр хаадаг. Харин Банкны эрсдэлийн сангаас нас барсан хүн бүрийн зээлийг хаадаггүй” хэмээн нэмж хариуллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Тэтгэврийн зөрүүг арилгах талаар их хуцалдах болж. Тэтгэвэр зөрүүтэй байдаг юм угаасаа! 30-40 жил ажилласан хүнийг огт ажил хийгээгүй хүнтэй адилтгах гээ юу. Огт ажил хийгээгүй юм байж бага ч гэсэн өгсөн тэтгэврийг гололгүй харин талархаад хүртээрэй. Ажил хийгээгүй хүнд тэтгэвэр өгдөггүй юм шүү! Бага тэтгэвэртэй улсууд залуу насандаа ажил хийхгүй юугаа хийж явсан юм? Бусад улсад нийгмийн баялаг бүтээхэд оролцсон ахмадууд оролцооны хувь, хэмжээгээрээ тэтгэвэр авдаг жишиг байдаг. ҮАБЗ-д талархах хэрэгтэй шүү та нар. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр их байнаа.
ene bol bc l yrih ectoi cedev shuu nac barcanii daraa zeelig hen tuluh ve gedeg n masg chuhal cedev 1 ur huuhed hani ijil baihgui humuuc yah ve 2 d negent l ter hun avaad hereglecen zeelig huuhed n tuluh zuvuu buruu u ng shiideld hurcn deer