Л.Энхболд: Газрын гүний ус дуусах гээд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн“Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд “Засгийн газрын 26 дугаар тогтоолд өөрчлөлт оруулмаар байна. Үнэхээр Оюутолгойн компаниас авч байгаа усны төлбөртэй холбоотой асуудал байгаа. 20-60 хувтай гэдэг. Салбарын яам байгаль орчны төлөө ажиллаж байгаа бол 60 хувийн төлбөр авмаар байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. 10-15 хувийг хөв цөөрөм үүсгэх замаар бүрдүүлэх боломжтой гэсэн. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ. Орхон, Онги төслийг яаравчилъя. Эдгээр төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна” хэмээн асуулаа.

Үүнд ажлын хэсгээс “Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор ашиглалтын зориулалтаас хамааран усны төлбөрийг тогтоодог. Уул уурхайд ашиглаж байгаа усны үнийг хамгийн багаар тогтоосон. Таны хүсэлтийн дагуу уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцож судалгаа хийсэн. Судалгааг удахгүй Засгийн газарт танилцуулж, усны төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөнө. Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа. Хөх морь төслийн хувьд тантай санал солилцсоны дагуу Орхон, Онги төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгаа. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлсэн. Мөн улсын төсөвт хоёр тэрбум төгрөгийг суулгуулж, Орхон, Онги төслийн ТЭЗҮ-г боловсруулахаар ажиллаж байна” хэмээн хуриуллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top