УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-аар жилийн улсын төсвийг хэлэлцэж байна. Гишүүдээс манай тойрогт бага, тэдний тойрогт их хөрөнгө оруулалт тавилаа гэх шүүмжлэл гараад эхэллээ. Танай Өмнөговь аймгийн хувьд ямар байна?
-Бид хязгааргүй хүсэл, хязгаарлагдмал эдийн засгийнхаа хүрээнд явна шүү дээ. Хязгааргүй хүслийг хязгаарлагдмал эдийн засгаар биелүүлж чадахгүй. Тийм учраас эдийн засагч хүний хувьд 2020 оны улсын төсвийг тодорхой хэмжээнд аятайхан боогдоод орж ирлээ гэж бодож байгаа. Оруулж ирсэн төсөл дээр төсвийн алдагдал хоёр их наяд байна лээ. Гэхдээ төсвийн орлого давж биелэх болов уу гэсэн хүлээлт байна. Хөрөнгө оруулалтын хувьд гишүүд өөр, өөрсдийн өнцгөөр хандаж байгаа байх. Түүний дээр ирэх онд УИХ-ын ээлжит сонгуультай учраас гадна талаас төсвийг сонгуультай холбож байна уу гэдгийг анхаарч байгаа болов уу.
-АН-ынхан бол сонгуулийн төсөв боллоо гэж шүүмжлээд байгаа л даа?
-Миний хувьд өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлуудаа төсвийг нь тавиад дуусгачихаасай гэж бодож байна. Манай аймгийн тухайд бол өмнө эхэлсэн ажлуудын санхүүжилтыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мэдээж, нэн шаардлагатай ганц нэг сургууль, цэцэрлэгийн асуудлыг оруулах нь зөв. Би өөрийнхөө тойрогт хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлаар санал тавьчихсан байж байгаа. Аймгийн хэмжээнд дөрөв орчим тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Ер нь маргаан гаргая гэвэл гаргах аймаг бол манай аймаг л даа.
-Гэхдээ танай аймаг уул уурхайн төслүүдээ дагаад өөрөө их баян гэж ойлгогддог?
-Улаанбаатар хот Монгол Улсын төсөвт 319 орчим тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлт өгч байгаа юм байна. Манай аймаг 52 орчим тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлтийг өгнө. Тодорхой хэмжээнд өөрийгөө санхүүжүүлдгийн дээр Монгол Улсын эдийн засгийг авч явж байгаа аймгийн нэг. Тэр утгаараа баялагтай газрын хүмүүс гээд хохироод үлдэж болохгүй шүү дээ. Улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байгаа учраас эргээд төсвөөс татаасаа аваад амьдардаг зарчмаараа явах ёстой. Гэхдээ би бол энэ удаа нэг их бужигнуулаад байхгүй шиг төсвийг нь баталчих юмсан гэж бодож байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд төсөв тодотгоогүй гэдэг нь өөрөө ямар нэгэн алдаагүй зөв төсөл хийж байгаагийн илэрхийлэл шүү дээ. Төсөв тодотгоод эхэлнэ гэдэг чинь орлого, зарлагаа буруу тооцсон гэсэн үг. Хэтэрхий өндөр орлого эсвэл бага зардал тооцдог ч юм уу. Тэгээд зардал нь давж биелэхээр түүнийгээ хэрэглэх гээд төсөв тодотгоод заваарсан юм явдаг байсан бол одоо орлого зарлагаа тооцоолж чаддаг болж байгаа юм болов уу гэж боддог. Тийм учраас төсөв нэг их задрахгүй батлагдчихаасай гэж харж байгаа.
-Баялагтай газрын иргэд хохироод байж болохгүй гэж байна. Тэгэхээр төсвийн хэлэлцүүлгийн үеэр аймагтаа төсөв мөнгө нэмэгдүүлэхээр явах нь гэж ойлгогдоод байна даа?
-Би аль болох төсвийг задлахгүйн төлөө явна. Ерөнхийдөө өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтуудыг хангалттай хийж байсан. Орон нутаг өөрөө “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” гэж зарлаад 100 гаруй тэрбум төгрөг оруулсан. Тэндээс сонгогдсон гишүүний хувьд иргэдийнхээ хүсч, дэвшүүлж байсан хөрөнгө оруулалтуудыг ерөнхийд нь шийдсэн. Жишээ нь, сургууль гэхэд орон нутгийн төсвөөр нэг, Оюутолгой буюу төсөл хөтөлбөрөөр нэг, бусад дөрвөн суманд улсын төсвөөр сургууль бариад 2016-2019 оны хооронд бүгдийг нь шинэ сургуультай болгож байгаа. Одоо дахиад нэг сургууль цэцэрлэг барьчихвал цэцэрлэгийн асуудал бүрэн дуусна. Өнгөрсөн хугацаанд манай тойрогт Оюутолгойн төсөл хөтөлбөр, орон нутгийн төсөв, улсын төсвөөр цэцэрлэгүүд барьсан. Соёлын төв, дотуур байрны хувьд ч засахыг нь засаад, шинээр барихыг нь бариад байна. Энэ жил Номгон сумын соёлын төвийг өгчих юм бол бүрэн шийдчихэж байгаа юм. Ер нь төсөвт байгууллагын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдчихсэн гэж болно. Одоо зам харгуй, дэд бүтцийн асуудал бий. Гэхдээ 2020 оны төсөв нь эдийн засагтаа хязгаарлагдаад байна. Тиймээс боломж байвал хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт руу явуул гэдэг байр суурин дээр байгаа.
-Хүн рүү чиглэсэн гэхээр цалин, тэтгэвэр нэмэх, МСҮТ-ийн суралцагчдын сарын 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 200 мянга болгоно гэх мэт халамжийн шинжтэй зүйлүүд ойлгогдоод байх юм. Энэ нь өөрөө сонгуульд чиглэсэн төсөв болсон гэх нэг үндэслэл гэж харагдаад байгаа?
-Энэ болгоныг халамжийн нүдээр харж болохгүй. Тэтгэвэр, тэтгэмж өөрөө халамжийн бодлого биш л дээ. Халамжийн бодлого гэдэг бол “Эх орны хишиг” гэдэг юм уу, урамшууллыг хэлээд байгаа юм. Монгол Улсын эдийн засаг хүнд байх үед Ерөнхий сайд “Бид сэхээн амьдруулах тасагт байна” гэж байлаа шүү дээ. Сэхээн амьдруулах тасагт байсан хүн эмнэлгээсээ гарчихсан бол өнөөдөр ажлаа хийх ёстой. Тэр утгаараа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг тодорхой хэмжээнд хийчихлээ. Одоо иргэд рүүгээ хандсан буюу наад зах нь тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэхээр харамсалтай байна. Авлига гээд яриад л байдаг төсвийн байгууллагын ажилтны цалин хэд билээ. Эмнэлгийнхнийг ямар цалингаар яаж ажилла гээд байгаа юм тийм биз дээ. Тэгэхээр төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг багахан ч гэсэн нэмэх хэрэгтэй. Ахмадууд өнөөдөр 300 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэртэй байна. Үүнийг бололцооныхоо хэрээр нэмэх хэрэгтэй байгаа. Тийм учраас үүнийг хэт их улстөржүүлж болохгүй л дээ. Хүүхэд бүрт мөнгийг нь өгчихдөг байх хэрэгтэй байна. Нөгөө талаас үнэхээр яг ажлын байран дээр шууд очиж байгаа улсууд чинь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгсч байгаа хүүхдүүд. Их, дээд сургууль төгсч байгаа дипломтнуудын ихэнх нь өнөөдөр шууд ажлын байран дээр очиж чадахгүй байна. Гэтэл өнөөдөр МСҮТ, техникийн коллежийн хүүхдүүдийн олонх нь ажлын байраар хангагдаж байгаа. Тиймээс урамшуулж, дэмжиж ажлын байрны фронтыг бэлтгэх хэрэгтэй. Энэ утгаараа тодорхой хэмжээний урамшуулал өгөхөд буруу юм байхгүй.
-Таныг тойрогтоо ажиллаад ирсэн гэж дууллаа. Өмнөговь аймгаар намаржилт ямар байна вэ?
-Тойрогтоо ажиллаад ирсэн. Гол нь бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа. Энэ ондоо багтаах ёстой ажлуудыг яаравчлуулах, ирэх онд шилжиж дуусгах ажлуудыг аль болох түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх талаар санал бодлоо хэлэлцлээ. Намаржилтын хувьд ерөнхийдөө гайгүй ч зарим нэг сумдаар тааруу, отор нүүдэл хийж болзошгүй байдалтай байна. Гэхдээ дийлэнх нь гайгүй сайхан байна даа. Малчдын сэтгэл ч гэсэн тайван байна.
-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг багагүй хугацаанд хэлэлцэж хоёрдахь хэлэлцүүлгийг хийсэн ч Ерөнхийлөгч хориг тавьчихсан. Одоо дахиад задрах тийш явчих шиг боллоо. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Анх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл их аятайхан төсөл байсан. Тэгээд мэдээж, Монгол Улс парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой учраас бусад нам, иргэд, Ерөнхийлөгчийнхөө байр суурийг сонсъё гэдэг үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл жаахан задраад явсан л даа. Ер нь бол 62 гишүүний өргөн барьсан хууль бол нэлээд хугацаанд ажилласан, маш олон жилийн хөдөлмөр л дөө. Гурван парламент дамжчихсан, 2015 онд АН-ынхны өргөн барьж байсан хуулийн ерөнхий санаа бол дийлэнх нь суучихсан ийм л Үндсэн хуулийн өөрчлөлт байсан. Замын дундуур зөвшилцөл гэж цаг хугацаа нэлээд алдуулж хоёрдугаар хэлэлцүүлгээ арайхийж дууссан. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээс Ерөнхий сайд шууд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх асуудал хасагдсан. Мөн Ерөнхийлөгчийн саналаар зөвшилцөлд орж ирсэн УИХ 108 гишүүнтэй, тэдний 54 нь мажоритар, 54 нь пропорционал болгоё гэдэг холимог тогтолцооны асуудал гэх мэтчилэн саналууд унасан. Тэгээд хоёрдугаар хэлэлцүүлгээр ард түмнээсээ асууя гэж шийдсэн боловч, Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Хоригийг хүлээгээд авчихсан учраас цаашид аль болох зөвшилцөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталчихаасай гэж бодож байгаа. Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал. Үүгээр тодорхой хэмжээнд эрх зүйн хувьсгал хийж чадна гэж харж байгаа юм.
-Одоогийн байдлаар АН-ын талаас ч Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын сонгуулийг холимог байдлаар явуулах гэсэн гурван санал тавиад байгаа?
-АН-ынхан хоригийг хүлээж авсантай холбоотойгоор дөрвөн асуудал оруулж ирж байгаа. Зарим нэгийг нь хүлээж авах нь зүйтэй байж магадгүй. Жишээ нь, парламентаас Ерөнхийлөгчөө сонгох байна. Засаглал бол тодорхой байх ёстой. Одоо бол их ойлгомжгүй байна шүү дээ. Ерөнхийлөгч, парламент нь хоёулаа ард түмнээсээ сонгогдож байна. Тэгэхээр засаглалын хуваарилалт хүндрээд явчихдаг. Тиймээс парламентаас Ерөнхийлөгчөө сонгох асуудал дээр ажлын хэсэг ярилцаж шийдээд явна биз. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх гэдэг дээр би санал нэг байгаа. Өмнө нь 62 гишүүний өргөн барьж байсан хууль дээр ч байсан. Холимог тогтолцооны хувьд ер нь бол парламентын засаглалтай оронд байх ёстой. Гэхдээ өнөөгийн улстөрчдийн хувьд хэцүү, ард түмэн хүлээж авахгүй байна шүү дээ. Яагаад гэхээр өнөөдрийн улс төрд өрсөлдөж байгаа, улс төрийн өрсөлдөгчдийг нийгэм хүлээж авч чадахгүй байна шүү дээ. Тийм учраас намын нэрийн ард нуугдаж янз бүрийн улсууд орж ирэх вий гэдэг болгоомжлол монголын ард түмэнд бий болчихсон байна. Нийгмийн энэ бухимдлыг давж чадах уу гэдэг асуудал л байгаа юм. Мэдээж энэ улсууд байнгын мөнх байхгүй, тодорхой цаг хугацааны дараа яваад өгнө. Цаашдын хувь заяагаа бодох юм бол энэ 76 тойргоор төсвөө задалдаг, эсвэл нэр дэвших гэсэн нэг хүн жишээ нь, манай Өмнөговьд гэхэд нүүрс тарааж байна шүү дээ. Энэ нүүрс, чихэр боов тарааж сонгогддог жижиг сажиг юмаа болих хэрэгтэй байгаа юм.
-УИХ-ын гишүүн хууль тогтоогч болохоос худаг гаргагч биш л дээ?
-Яг үнэн. Пропорционалын хэлбэр орж ирвэл төлөөллөөс гадна бодлогын асуудал болоод ирэх байхгүй юу. Хууль тогтоох дээд байгууллагадаа Монголын бодлогыг барьж явах ёстой. Өнөөдөр бодлого гаргахаасаа илүү хувь хүний өргөдөл, гомдолтой зууралдсан байдалтай л байна. Энэ өнцгөөсөө пропорционал байвал нэг их буруугүй юм болов уу гэж хардаг. Гэхдээ нийгэм хүлээж авахгүй байгаа учраас яаж шийдэхийг ажлын хэсэг дээрээс санал орж ирэхийг л хүлээнэ дээ.
-“Саарал жагсаалт” гээд нэг хэсэг шуугилаа. Та эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна?
-“Саарал жагсаалт” гэдэг нэг их айлгаад, ичээгээд байх юм биш л дээ. Эдийн засгийн хувьд бол хараа хяналттай болох ёстой. Өнөөдрийн эрх барьж байгаа нөхдүүдийг харлуулах гэсэн юм ч их явлаа. Их баярлаад байх ч юм бас биш. Үнэхээр бас мөнгө угаахтай тэмцэх олон улсын том байгууллагын хараа хяналтад байх ёстой юу гэвэл байх ёстой. Тэндээс тавьж байгаа 40-өөд шаардлагын 38-ыг нь манайхан шийдчихсэн. Үлдсэн дөрвөн асуудал дээр “саарал жагсаалт”-д байлгаж хяналт шалгалтад хамруулъя гээд оруулчихсан. Тэр дөрвөн асуудлын хоёрыг шийдэхээр бид хуулийг нь баталсан шүү дээ. Терроризмтой тэмцэх хуулийг гаргачихсан. Тэгэхээр одоо хоёр асуудал байгаа. Энэ хоёрын гол үндсэн суурь нь 2013-2016 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж өршөөлийн хууль гаргаад 34 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Энэ чинь өөрөө маш том мөнгө угаалтын асуудал болсон байж болзошгүй гэсэн хардлага байгаа юм. “Саарал жагсаалт”-ын маш том суурийг нь үүгээр тавиад өгчихсөн. Тэрний л улбаагаар явсаар “саарал жагсаалт”-ын асуудал гарч байна гэсэн үг. Нөгөө талаас манай банкуудтай холбоотой асуудал бий. Арилжааны банкууд 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй гэдэг асуудал байна. Эх үүсвэргүй гэдэг нь өөрөө ямар нэгэн мөнгө угаалт байж болзошгүй гэсэн хардлага төрүүлнэ. Тэгэхээр 2013-2016 оны тэр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг эргэж задлах ёстой юм уу, яах ёстой юм гэдгийг ярилцах байх. Гол асуудал нь тэр 34 их наядыг ил тодын байдлаар гаргаж, өршөөж, нууцын зэрэглэлд оруулаад, татвар болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд орхисон нь өнөө банкуудын 500 тэрбумын эх үүсвэр чинь тэндээс гараад ирсэн юм биш биз дээ гэсэн хардлага байгаа байхгүй юу. Энэ асуудлыг нэг цэгцлээд явчих ёстой. Тэгэхээр одоо 2013-2016 он гээд нэг нам нь нөгөөгөө харлуулаад дайрах гэж байна гэж ойлгох байх. Гэхдээ бодит байдал нь л тийм юм билээ. Үүнийг дагаад ямар нэгэн валютын ханш савлачих вий, гадаадад худалдаа, санхүүгийн гүйлгээнд гацаа үүсчих вий гэдэг асуудалд бол одоохондоо санаа зовох хэрэггүй юм шиг байна лээ. Монголбанкны нөхдүүдийн санаа бодлыг сонслоо. Долларын нөөц бол дөрөв орчим тэрбум байгаа гэсэн.
-Гэхдээ “Найман шарга” дээр ам.долларын ханш 40 орчим тэрбум төгрөгөөр хөдөлсөн?
-“Найман шарга” чинь өөрөө хөөрөгдлөөр тоглодог газар шүү дээ. Сургаар бужигнуулдаг улсууд байдаг учраас төр өөрөө үүнийг хараа хяналтдаа авч зөв оновчтой бодлого гаргаад явчих юм бол валютын ханш савлахгүй байх гэж бодож байна.
Эх сурвалж: Өглөөний сони
Сэтгэгдэл ( 6 )
Танай аймагт Нүүрсчдийн нам гэж байдаг гэсэн. Та аль нам вэ
Ene hun mash zuv yrij bna ene aimagt songuuliin shoy ehelseen unegui nuurs taraana gej shaachihaad ireed av geed guriichihsen unaatai hurungutei ni hojij unaagui ydaruu ni monjuulj l bnadaa bodvol baterdene ner devshih geel uheh geed bgaa bololtoi umnugoviin huvitsaagaar olon hun hohirooj gomdooson hundee delhii daagaal bhiin
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913
ug ni huurhun garaa\n
Shathuun usd 2 deer surgaar huurugduj yvdag balai shunaltnuudiig zogsooh heregtei!!!
Найман шарга” чинь өөрөө хөөрөгдлөөр тоглодог газар шүү дээ. Сургаар бужигнуулдаг улсууд байдаг учраас төр өөрөө үүнийг хараа хяналтдаа авч зөв оновчтой бодлого гаргаад явчих юм бол валютын ханш савлахгүй байх гэж бодож байна.ЭНЭ МАШ ЗӨВ ШҮҮ..