Кувейтээс авто замын ТЭЗҮ-д 500 мянган ам.долларын тусламж хүсжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны хоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Кувейт Улсад ажиллаж байна.

Айлчлалын хүрээнд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Д.Даваасүрэн Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосонд Монголын ард түмэн нэн талархалтай байдгийг тэмдэглэж, явцдаа байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Манай улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар нь Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Мөн Зүүн бүсийн аялал жуулчлалын зангилаа болох Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн талаар мэдээлэл өгч, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Кувейтийн талаас авах асуудлын талаар ярилцжээ. Сангийн зүгээс манай хүсэлтийг 2020 оны хоёрдугаар сарын 19-нд болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэж байгааг мэдээлж, нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өө(64.119.27.161) 2020 оны 02 сарын 04

Оюун-Эрдэнэ аймагтаа хийх ажлыг улсын нэрийн өмнөөс битгий гуйлга гуйлгаад өр тавиад бай

0  |  0
Top