Кувейтийн 91 настай шейх Сабах аль Ахмад аль Жабер аль Сабах таалал төгссөнтэй холбогдуулан зарласан сайд нарын танхимын шуурхай хуралдаанаар угсаа залгамжлах хунтайж Наваф аль Ахмад аль Жабер аль Сабахыг Кувейтийн шинэ эмирээр өргөмжилжээ.
Шейх Сабах аль Ахмад аль Жабер аль Сабах мягмар гарагт таалал төгссөнтэй холбогдуулан 40 хоногийн гашуудал зарлаж, гурван хоног үндэсний туг далбааг бөхийлгөх юм. Шейх Сабах агсан өнгөрсөн долоодугаар сарын сүүлээс эхлэн АНУ-д эмчилгээ хийлгэж байсан билээ. Тэр үед түүний эцэг нэгтэй дүү болох угсаа залгамжлах хунтайж Навафт зарим эрх мэдэл шилжээд байсан юм. Кувейтийн Үндсэн хуульд зааснаар, удирдагч тэнгэрт хальсны дараа хаан ширээ угсаа залгамжлах хунтайжид шууд шилждэг бөгөөд парламентын өмнө тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг байна. “Al Arabiya” сувгийн мэдээлснээр, тэрбээр лхагва гарагт орон нутгийн цагаар 11.00 /УБ цагаар 16.00/ тангараг өргөх гэнэ.
Шейх Наваф 1937 оны зургаадугаар сарын 25-нд Эль Кувейтэд мэндэлжээ. Тэрбээр дэлхий дээр хамгийн өндөр настай төрийн зүтгэлтнүүдийн нэг байсан шейх Сабахаас найман насаар дүү. Хааны гэр бүл Шейх Навафт угсаа залгамжлах хэргэм зэргийг 2006 онд олгосон байна. Тэрбээр Кувейтийн батлан хамгаалахын сайд, үндэсний гвардийн удирдагч, дотоод хэргийн сайд, шадар сайдын албан тушаалыг хашиж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )