Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.10/ мэдээлэл өгч байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Мөн Сингапур, Герман зэрэг орнуудад шинж тэмдэг буюу балархай хэлбэрээс хүнд халдсан тохиолдлууд илэрлээ. БНХАУ-ын Эрээн хот онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг шаардаж байна" гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 40 мянга 550 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн таван хоногт батлагдсан тохиолдлын тоо тогтворжиж байгаа ч сэжигтэй тохиолдол болон хавьтлын тоо их байна. Нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6492 хүнд өвчтөн байна. 7000 хүнд хийсэн судалгаанаас үзэхэд нас ахих тутам нас баралтын хувь нэмэгдэж байна" гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Г.Баясгалан “Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний тухай албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. ААН байгууллагын гадна хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулах, үйлчилгээний ажилтнуудын хувийн ариун цэврийг сайжруулахад анхаарч байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт 1566 аж ахуйн нэгж байгууллагууд, зорчигч тээврийн нэгтгэлийн 80 гаруй байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдлын асуудал яригддаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр хөрсний бохирдолд шинжилгээ хийдэг. Энэ жилийн хувьд нийслэлийн суурьшлын бүсэд хийсэн шинжилгээний нийт сорьцын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангаагүй буюу нянгийн бохирдолтой байна. Нянгийн бохирдол нь хүн, амьтны ялгадсаар бохирдсон бохирдлын хэлдэг. Тиймээс хөрсний бохирдол үүсгэдэг гол эх үүсвэрүүд стандартын шаардлага хангахгүй бохирын цооног, ариун цэврийн байгууламж буюу бие засах газрууд байна. Тандалт судалгаагаар хамрагдсан айл, өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй бие засах газар хэрэглэж байна. 40 гаруй хувь нь бохирын цооноггүй буюу бохир усаа гудамдаа болон хашаандаа асгадаг байна” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Хөрсний нянгийн халдварын эсрэг ариутгал хиихэд яадаг бнаа? Ерөөсөө хийдэггүй. Гэр хорооллын баас шээс борооны усаар дамжиж хөрс шороог бохирдуулдаг.