Зохиомол хомстол, үнийн өсөлт үүсэхээс сэргийлэхэд ХХААХҮЯ, ШӨХТГ хамтарч байна

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

 

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор иргэд хүнс их хэмжээгээр нөөцлөх үзэгдэл гарч эхэлсэн. Энэ нь зохиомол хомстол үүсгэж зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үзэгдлийг бий болгосон бөгөөд үүнд  ШӨХТГ-ыг хяналт тавьж хамтран ажиллахыг ХХААХҮЯ-аас хүссэн байна. 

Уг хүсэлтэд "Монгол Улсын Их Хурлаас иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн нь ард иргэдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөө үзүүлж байна.

Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд хүрснийг зарласантай уялдан Монгол Улсын Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрс нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомстол үүсэх, үнэ өсгөх эрсдэл бий болгож байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хуулиар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, мөн дотоод худалдааны бодлого, зохицуулалтын асуудал хариуцдагийн хувьд хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомстол бий болгохоос урьдчилан сэргийлэх замаар бөөний болон жижиглэнгийн үнийн төвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа бүхэлд нь чиглүүлэн ажиллаж байна.

Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар бараа бүтээгдэхүүний хомстол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохоос сэргийлэх зорилгоор судалгаа, дүгнэлт хийж, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодод шаардлага тавьж ажиллаж байна.

 

 

 

Харамсалтай нь Дэлхий олон оронд коронавирусийн халдвар тархсан, хөрш оронд шувууны томуу өвчин гарч хилийн хорио тавигдсан, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эрсдэлтэй болон голомттой бүс нутгаас импортлохыг хориглож, стратегийн хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан энэ хариуцлагатай үед зарим аж ахуй эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг хязгаарлах, бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох, үнэ өртгийг нэмэгдүүлэх хандлага гаргасаар байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1-д “Зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулна”, 6.1.2-т “Бодит зардлыг нь харгалзан тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” бүрэн эрхтэй байхаар хуульчлагдсан байна.

Иймд улс оронд бий болсон эгзэгтэй энэ цаг мөчид ард иргэдээ хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хямд үнэтэйгээр хангах чиглэлд Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжилтийг хариуцан зохицуулах чиг үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах шаардлагатай байгаа тул энэ талаар тус газарт ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 01/590 тоот албан бичгийг хүргүүлээд байгаа юм" хэмээсэн байна.

Уг хүсэлтийн дагуу дээрх байгууллагууд хамтран үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZochinҮүд(192.82.74.235) 2020 оны 02 сарын 13

Амьд үхдэлүүд

0  |  0
Top