Төрийн байгууллагууд ӨНДӨРЖҮҮЛСЭН байдалд ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

-Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж зарим байгууллага амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байна. Гамшгийн тухай хуулиар байгууллага бүр байнгын бэлэн байдалд ажиллах үүрэгтэй-

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл дэх төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зориулалтын маскыг тогтмол хэрэглэж, гараа ариутгах зайлшгүй шаардлагатай. Мөн халуун хэмжих багажаар үйлчлүүлж байгаа иргэдийг оношилж оруулж байгаа аж. Бэлэн байдалд ажиллахаар үүрэг авсан албан хаагч дараах хэрэгслийг бэлтгэвэл зохистой гэдгийг НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Отгонжаргалаас тодрууллаа.

-Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчлэн хэрэгжүүлэхээр болсон. Төрийн байгууллагууд амны хаалтгүй иргэдийг оруулахгүй байна. Та бүхэнд ямар үүрэг даалгавар өгсөн бэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ хугацаанд Улсын онцгой комиссоос аж ахуйн нэгж, байгууллагуудад өгсөн шийдвэрийн дагуу хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж оролцогч байгууллагын нэг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 3000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн байдалд тогтмол хяналт тавьж байгаа. Байгууллагуудад олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж, ариутгалыг хуваарийн дагуу хувийн хэвшил болон нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хийж байна.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд танай байгууллага дотооддоо юу хийж байгаа вэ?

-Ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт, гар ариутгах бодисоор хангаж, хуруу уншигчийг хэрэглэхгүй. Нүүр царайгаар таних төхөөрөмж хэрэглэж байна. Зарим тохиолдолд хүрэлцээ хангамж муу учраас ажилчид өөрсдөө аюулгүй байдлаа хангах зөвлөгөө, сануулгыг өгч байна. Үйлчлүүлэгчдийг байгууллага руу орох бүрд биеийн халууныг тогтмол хэмжиж байна. Төрийн байгууллага гэлтгүй бүх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед дотоод хяналтаа зохион байгуулж, дотроо байрлах хоолны газрын эрүүл ахуйд бас анхаараарай.

-Шаардлагатай тохиолдолд дайчлагдан ажиллана гэвэл юу бэлдэх вэ?

-Гамшгийн тухай хуулиар байгууллага бүр байнгын бэлэн байдалд ажиллах ёстой. Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага осол, хордлого халдвар цаг үеийн шаардлагатай тохиолдол үер усны аюул зэрэгт бэлэн байдлыг хангадаг. Дайчлагдан ажиллаж магадгүй учраас бэлэн байдлаа хангах нь зүйтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэлтэс бүрд хамгаалах хувцас хэрэглэл, гар халдваргүйжүүлэх бэлдмэл, нүдний шил, амны хаалт, улавч, ариутгалын бодисуудаас бүрдсэн 18 төрлийн хэрэгслийг  бэлтгэсэн. Үүнээс гадна хэрвээ халдвар гарсан тохиолдолд яаж ажиллах вэ гэсэн бэлэн байдлын төлөвлөгөө схем гаргаж, ажиллагсдын ажил үүргийг хуваарилж бэлтгэсэн.

-Зах, худалдааны төвийг хаах болов уу гэсэн эргэлзээ иргэдийн дунд байна. Хаах талаар мэдэгдэл ирсэн үү?

-Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хориглох шийдвэр гарсан. Тогтсон зах, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг зургаар хүргэж байна

Шаардлагатай тохиолдолд ашиглахаар бэлтгэх багаж, хэрэгслүүдБайгууллагууд халуун хэмжиж оруулж байнаХуруу уншигчийг ашиглахгүй байнаХаалган дээрээ шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл бэлтгэж тавьсан нь

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(139.5.218.248) 2020 оны 02 сарын 15

Buh baiguullaga huruu unshuulahgui bvl taarna haldvaraas sergiilehiin tuld huruu unshigchiig heseg hugatsaand horigloh heregtei bh

0  |  0
М(66.181.177.231) 2020 оны 02 сарын 14

Мэргэжлийн байгууллагууддаа амжилт хүсье. Болгоомж хаана ч илүүдэхгүй шүү.

0  |  0
mm(66.181.191.219) 2020 оны 02 сарын 14

maskaa taraagaachee.tgd

0  |  0
Top