Т.Бадрал: "Сайн малчин" шагнал гардуулах арга хэмжээг хойшлуулсан

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдвар, хамгааллын талаарх дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар мэдээллийг яг одоо (2020.02.17) өгч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 17-ны 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71 мянга 269 болж, 1772 хүн нас барлаа. БНХАУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг илүү хурдан эхлүүлэх боломжтой болсон гэсэн үг.  Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байна. Найман судлаачийн хийсэн судалгаагаар шинэ коронавирусийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон" гэлээ. 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нийслэл болон 21 аймгийн Засаг, захиргаа хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 546 ангийг бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гарсантай холбоотой 68 телевизээр гарч байсан цагаан сарын зар сурталчилгааг зогсоосон. Цагаан сарын үзэсгэлэн худалдааг 100 хувь зогсоосон.

Мөн “Сайн малчин” шагнал гардуулах арга хэмжээг түр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй.

21 аймаг, нийслэлийн 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Эрсдлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийгээд байсан. Тиймээс тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон” гэв. 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Covid-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодис, багаж хэрэгслийг нөөцлөх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл хүргэх, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг нийтийн тээврийн хэрэгслүүдэд байрлуулж, худалдаа үйлчилгээний төв, зах, худалдааны төвүүдэд ариутгал хийж байна.

Болзошгүй эрсдэлийн үед нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр хоёр түргэн тусламжийн машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд ажиллаж байна.

Халдвар гарсан тохиолдолд хамгийн эрсдэлтэй байгууллага нь бүх шатны Эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулах чиглэлийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39 мянга 170 тээврийн хэрэгслээр 119 мянга 665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32 мянга 532 зорчигч, 178 онгоцоор 15 мянга 243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 15-нд тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 2020 оны хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлагдсан. Тухайн иргэнд тандалт, шинжилгээ хийж байна.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Хянамгай байж л Монгол Улсыг хамгаална. Та өөрийгөө хамгаалж байгаа нь гэр бүлээ хамгаалж байгаа гэсэн үг” гэв.

ВИДЕО ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malchin(24.19.4.149) 2020 оны 02 сарын 17

Uuriinhuu hurungiig arvijuulaad shagnal avna. Saihaan saihan. Undur uneer zarna. Goyoo goyo.

0  |  0
malchid bitgi davar(14.146.94.206) 2020 оны 02 сарын 17

sain saytan businessman gedeg shagnal baidaggui bizde? malchild yamar ulaan zagalmai, buyanii uilsten yunu? oorsdoo aj ahuigaa avaad l , oorsdoo orlogoo avch baigaa bizde? bas deerees ni shagnah yum gene, soliotoi

0  |  0
Top