Б.Мандахгэрэл: Улсын Онцгой комисс маргааш хуралдаж, зарим шийдвэр гаргана

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өдөр бүр шинэ коронавирусийн халдварын дэлхийн болон Монгол Улсын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийж байгаа.

Өнөөдрийн /2020.02.19/ хэвлэлийн хуралд ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ-ын холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол 24 цагт 1851-оор нэмэгдэж, 75 мянга 182 тохиолдол болсон бол нас баралтын тоо 137-оор нэмэгдэж, 2009 боллоо. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь хөнгөн, 14 хүнд, таван хувь нь маш хүнд байна.Өнөөдрийн байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байна. БНХАУ-д 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна” гэв.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхийг уриалж байгаа. Хоёрдугаар сарын 11-нд 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдэлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрсдэл өндөр байна гэж дүгнэлээ. Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчилсэн/ шилжүүлсэн байсныг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш /2020.02.20/ хуралдаж, салбарын сайд нар тодорхой шийдвэрүүдийг танилцуулна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top