Гурав дахь хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяатай бүсгүйн нугасны Т1, 2, 3, L3, 4, 5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдар үүсэж, хурдацтайгаар тархаж байгаа бөгөөд мэдрэл дарснаас үүдэн ташаанаас доош мэдээгүй болсон гэсэн оноштойгоор БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.
Эгэл бус амьдралыг туулж яваа тэвчээртэй, баатарлаг бүсгүйтэй утсаар холбогдож, ярилцлаа.
-Сайн байна уу. Таны эмчилгээ ямар шатандаа үргэлжилж байна вэ?
-БНСУ-д ирээд хамгийн түрүүнд өгсөн шинжилгээний хариундаа үндэслээд эмчилгээ эхэлчихсэн явж байна. Мөн давхар өөр бусад шинжилгээ өгч, шинжилгээ, эмчилгээгээ зэрэг хийлгэж байна. Монгол Улсаас ирэхдээ ташаанаас доош мэдээгүй болсон байсан. Хавирга, нуруу гээд биеийн бүх яс маань хөндүүрлэж, биедээ ч хүн хүргэхэд хэцүү байсан учраас БНСУ-д ирэнгүүтээ эмнэлэгтээ хэвтэх гэсэн боловч ор сулраагүй. Гармоны тариа хийлгээд гэр рүү гээ явсан. Харин хоёрдугаар сарын 10-наас эхлэн эмнэлэгтээ хэвтэж, эхний шинжилгээнүүдээ өгөн, туяаны эмчилгээгээ хийлгэж байна. Анх ирсэн үеэ бодвол биеийн байдал маань сайжирч байгаа. Монголд байхад мэдрэгддэг байсан зовуурь, хөндүүр арилсан. Хоол болон нойрондоо ч сайн болж байна.
-Эмчилгээний зардалд шаардлагатай мөнгө цугларсан болов уу. Танд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй олон хүн бий?
-Монгол Улсад байхгүй оношилгоо шинжилгээнээс гадна гадаадын иргэн гээд даатгалгүй үзүүлж байгаа болохоор эмчилгээний өртөг өндөр байдаг юм байна. Эмчилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар 350-400 орчим сая төгрөг байх юм бол эхний шинжилгээ, курс эмчилгээгээ хийлгэж болох багцаа гарсан. Одоогоор 100 гаруй сая төгрөг цуглаад байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах зорилгоор “Шидэт хуудас” хүүхдийн ном гаргасан. Тэр ном маань маш сайн борлуулалттай байна. Хүнээс зүгээр хандив гуйж байхаар гаргасан номоороо дамжуулан тусламж гуйх нь зүйтэй гэж бодож байна.
-Одоогоор хэчнээн ном зарагдаагүй үлдсэн байгаа юм бол?
-Хэвлэлээс нэмж захиалсан 6000 ном борлуулагдаагүй байгаа. Сүлжээ дэлгүүрүүдэд миний номыг худалдаалах талаар яригдаж байгаа юм билээ. Хэрвээ энэ санаачилга бүтчихвэл эмчилгээний зардалд маш том нэмэр болно гэж бодож байна. Дэлхийн өнцөг булан бүрт номууд маань хүрсэн байна. Дараагийн цувралыг тэсэн ядан хүлээж байгаа олон хүн байна. “Шидэт хуудас” номын уншигчдаас маш олон сэтгэгдлүүд ирж байгаа. Энэ бүхэн надад ямар их хүч өгч байгаа гэж санана.
-Өмнөд Солонгос улс руу гэр бүлийнхэнтэйгээ хамт явсан уу?
-Миний охин хоёрхон ойтой. Аав, ээж хоёр нь хоёулаа явчихвал сэтгэл санаа нь бэтгэрчих байх гээд хоёр төрсөн дүүтэйгээ ирсэн. Манай хоёр дүү хоёулаа хоёр, хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй. Намайг асрахын тулд гэр бүлээ орхиод ирсэн. Хөлөө хулгайд алдчихсан хүн чинь аймар байдаг юм байна. Байнгын асаргаа шаардлагатай учир хоёр дүү маань ээлжилж сахиж байгаа.
-Одоогийн хавдрын онош юу вэ?
-Хавдрын хамгийн анхны эхлэл хөхний хорт хавдар байсан. Дараа нь хэвлийн хөндийд хорт хавдар илэрсэн. “Интермэд” эмнэлгээс хэвлийн хөндийн хавдар чинь эмчлэгдлээ гэж хэлсэн. Гэтэл хавдар үлдсэн байснаа мэдэхгүй хавирга дундын үрэвсэл гэдэг онош тавьж, хөлөө мэдээгүй болтлоо антибиотик ууж, хугацаа алдсан. MRI зураг авхуулахад нугасны Т1, 2, 3, L3, 4, 5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдрууд гарч ирсэн байна гэсэн.
-Эмчилгээ хийлгээд хэд хонож байна вэ. Үр дүн мэдрэгдэж байна уу?
-Яг 11 хонож байна. Надад тохирсон эмчилгээ хийж байгаа учраас үр дүнтэй байна. Өвдөх зовуурь ч багассан. Эмч нар миний хөлийг одоохондоо хөдөлж чадахгүй гэж хэлсэн ч хөлийн хуруунууд маань үзүүрээсээ эхлээд хөдөлж байгаа. Эмчилгээ үр дүнгээ үзүүлж байгаад маш их баяртай байна. Хамгийн гол нь бие, махбодио тархиараа удирдаж, өөртэйгөө тулж ажиллах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө энэ хавдрыг ялж чадна гэж бодож байна. Яагаад гурав дахь хавдрын өмнө бууж өгөх ёстой гэж. Би хавдрын эсрэг тэмцэж чадахгүй, урам нь хугарч байгаа нэгэнд үлгэр дуурайлал болно. Анагаах ухаан хөгжсөн энэ үед хүмүүст гүүр болж, мэдлэг мэдээлэл хүргэхийг хүсэж байна.
-Туяа эмчилгээнд хэдэн удаа орох ёстой вэ. Дараагийн эмчилгээ нь юу вэ?
-10 удаа туяа эмчилгээ хийлгээд, биеийн байдлаасаа шалтгаалан дараагийн эмчилгээндээ орно. Дараагийн эмчилгээ нь яг хавдар байгаа газарт хийлгэх эмчилгээ. Манай улсын анагаах ухаан хэзээ ингэж хөгжих юм бол, хавдрын эсрэг тэмцэж байгаа иргэд хэзээ улс эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх бол гээд эмнэлэгтээ хэвтэж байхад зөндөө юм бодогдох юм.
-Өнгөрсөн долоо хоногт таны ажиллаж байсан “Оргил” худалдааны төвийн захирал, Ж.Ганбаатар гишүүн тантай ирж уулзсаныг таны цахим хаягаас харсан?
-Миний амьдралд гарч ирсэн хамгийн дотно хүмүүсийн нэг бол Ганбаа захирал. Тэр утгаараа Ганбаа захирал намайг зориод хүрээд ирэхэд маш их баярлаж, баярын нулимс унагасан. Захирлыг хүрч ирсэн тухай өөрийн цахим хаягтаа бичихэд Монголын ард түмэн яг л миний хардаг өнцгөөс харж, баярлаж байсан нь маш их таалагдсан. Би “Оргил” худалдааны төвд 10 жил найман сарын хугацаанд ажилласан. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа зуны амралтаараа очиж байсан. Миний бүхий л амьдрал “Оргил” худалдааны төвтэй холбоотой. Хүмүүстэй юм ярихдаа хүртэл “Оргилд байхад...” гээд л ярьчихсан байдаг. Миний хамт олон надад цаг барьж сурах, ажлын ачаалал даах чадвар, удирдах болон удирдуулах гээд бүхий л чадварыг суулгаж өгсөн.
-10 жил гэдэг багагүй хугацаа. Танай хамт олон нэг гэр бүл шиг л болсон байх. Хамт олон тань танд мөн дэмжлэг үзүүлж байгаа байх?
-Олон жил ажилласан учраас ах дүү шиг, эгч дүүс шиг болсон хүмүүс “Оргил” худалдааны төвд их бий. Салбар, салбараараа нэгдэн миний номыг өртөөчилсөн байдлаар худалдаалж, өөрсдөө худалдаж авах, хандив өргөх зэргээр тусалж байгаа. Мөн байнгын холбоотой байж, сэтгэлийн дэм өгч урам хайрладаг. Ганбаа захирал болон хамт олондоо маш их баярлаж байгаагаа дамжуулмаар байна. Би хүний амьдрал ямар баялаг болохыг алхам тутам бүрд учрах ёстой хүмүүс бүтээдэг гэж боддог. Өвдөхөөс өмнө, өвдсөний дараа уулзаж, учирч байсан бүх хүмүүс надад үнэ цэнтэй. Хүнд буруу сэтгэгдэл төрүүлэхгүй, сэтгэлд нь сэв суулгахгүй, ялгаж харьцахгүй байхад буян ирдэг гэдгийг энэ хугацаанд ойлгож авсан. Маш их хүмүүсийн хайр, энэрэл, сайхан сэтгэлийг мэдэрч байна. Бүх хүмүүсийг эрүүл энх байгаасай л гэж хүсэж байна.
-Охинтойгоо байнга утсаар ярьж байна уу?
-Охиноо маш их санах юм. Охиноо хөтлөөд алхдаг болох зорилго өөртөө тавьсан. Гар, хөлийг нь үнсэхийг маш их хүсэж байна. Нөхөр, охиныхоо зургийг явуулахаар зургийн цаанаас л нялуурч байна даа. Охинтойгоо өдөрт 2-3 удаа утсаар ярьдаг. Утасны цаанаас “Хайртай” гээд үнсэхэд л надад эрч хүч өгдөг. Бодсон төлөвлөсөн зүйлээ хугацаанаас нь өмнө хэрэгжүүлээд, эмчилгээнийхээ үр дүнг хурдан үзэх юм сан гэж бодож байна. Нэг л өдөр хөл дээрээ босоод охин дээрээ очно доо.
"Шидэт хуудас" номноос: “….Үлгэр домог гэдэг өнгөрсөнд байдаг юм биш. Өнөө та нарын өдөр бүрт байдаг юм. Гагцхүү тэр ертөнцийн хаалганы түлхүүр нь номын хуудас дахь олон түмэн үгс, олон мянган үсэгт оршдог юм шүү дээ хүүхдүүд минь...”
Үлгэр домог бол хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх, хүн болох ухаанд сургадаг Монгол түмний эртний арга юм. Үлгэр уншиж, сонсож өссөн хүүхэд ухаан саруул, эрдэм билэгтэй, нинжин сэтгэлтэй, төсөөлөн бодох авьяастай болдог гэж буурлууд маань эртнээс бидэнд сургаж ирсэн билээ.
"Шидэт хуудас" номын үнэ: 25 мянган төгрөг
Захиалах утас: 88018046, 88024457, 99800668, 88058712
Таны худалдан авсан ном бүрийн мөнгө 100% Б.Мөнхтуягийн эмчилгээний зардалд зарцуулагдана.
Сэтгэгдэл ( 11 )
Үнэн тэвчээртэй сайхан охин юмаа үнэнхээр бахархаж бн МАШ их зориг тэвчээртэй хурдан идгэрээд охин дээрээ очих болно санаа зөв бол заяа зөв гэж миний дүү амжилт
НОМНООС НЬ АВНАА, ХУРДАН ЭДГЭЭРЭЙ.
Ж.ГАНБААТАР ГУАЙ МАШ ИХ ХӨДӨЛМӨРЧ, ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН, ТҮҮНИЙ БАЙГУУЛСАН ХОРООЛОЛД ТУХТАЙ, ЦЭВЭР ОРЧИНД АМЬДАРЧ БАЙГААДАА БАЯРЛАДАГ.
setgel saitai busgui bna chi edgenee chinii nomiig abiya hana zaragdaj bgaa be ...\n
буруу оношлож хугацаа алдуулсан интермед эмнэлэг хариуцлага хүлээж эмчилгээний зардалд нь туслаач
буруу оногдож хугацаа адлуулсан интермед эмнэлэг хариуцлага үүрч мөнгө өгөөчээ.танайх их өндөр төлбөртэй шүү дээ
Bi 10 nom avsan. Hurged edgereerei, eleg buten amidarnaa.
Хөөрхийдөө өвчний хажуугаар нялх үрээ их санаж бгаа байхдаа хэцүү хорвоо вэ хурдан эдгэж охинтойгоо уулзахыг ерөөе
Ovoodoo sain enchlvvleerei ervvl enhiig hvsen eruue
Ном хаана зарагдаж байгаа юм бол
Бүсгүй минь чи заавал хөл дээрээ босноо. Биеэ тархиараа удирдана гэдэг тун зөв шүү. Ганбаатар гишүүнд би бас маш их талархаж байгаа. Хүн чанараа гээгээгүй ийм гишүүн байдаг юм байна гэж маш их баярлаж байгаа.