Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.23/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлаглсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д шинэ коронавирусийн зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Маргааш хариу нь гарна” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 78741 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д 540 тохиолдол шинээр нэмэгдсэн. Итали улсад зургаан тохиолдол нэмэгдсэн бол Иран улсад 13 тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-д сүүлийн хоёр хоногт 400 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдол нь сүмийн үйл ажиллагаанаас болсон байна” гэв.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал “Аймгууд эрсдлийн үнэлгээгээ хийж, бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. Өчигдөр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн эмнэлгүүдэд тараасан. Эмнэлгүүд бэлтгэээ хангасаар байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон. БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдээд зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байна. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлт шугамыг нээгээд байна. Хоногтоо 4000 орчим иргэд холбогдож зөвлөгөө авч байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )