БНСУ-аас ирэхээр тийз захиалсан бол ШИМТГЭЛГҮЙ БУЦААНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.24/ шуурхай хуралдаж, 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНСУ-ын Инчён болон Бусанаас Улаанбаатар чиглэлийн бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргасан билээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл болон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн өгсөн саналыг үндэслэж маргаашаас /2020.02.25/ БНСУ-аас ирэх, явах бүх нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлээд байна. 

МИАТ, ASIANA, KOREAN AIR компаниудын нислэг тус чиглэлд 7 хоногт 18 удаа үйлдэгддэг бөгөөд гуравдугаар сарын 2-ноос хойш байдлыг харгалзан, шийдвэрийн хугацааг сунгах эсэхээ шийдэх юм байна. Шийдвэрийн хүрээнд мөн визний хугацаа нь дуусах дөхсөн иргэдээ БНСУ-ын ГХЯ-тай визний хугацааг нь зохицуулах талаар хэлэлцэж эхэлсэн байна.


Зам тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН:

-Улсын онцгой комисс хуралдаж БНСУ-тай холбоотой шийдвэр гаргалаа. БНСУ-д шинэ коронавирусийн халдвар тархалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар л гэхэд нийт 700 гаруй хүн халдвар авсан тогтоогдсон байна. Тиймээс тус улсаас Монгол Улс руу агаарын хөлгөөр ирж байгаа эрсдэл нэлээд өндөр байна гэж үзэж, Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Дамжин өнгөрч байгаа зорчигчдын хувьд зөвхөн Инчёны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 нислэг байна. Маргаашнаас эхлээд энэ нислэгүүдийг зогсоох шаардлага гарч байна. Бусанаас нийт 4 удаагийн нислэгт 367 тийз захиалсан байна. Нийт 3668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзийг үнэгүй буюу шимтгэлгүй буцаана. Мөн авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өгч ажиллаж байгаа. Өмнөд Солонгосын чиглэлд Олон улсын зургаан авиа компани нислэгээ цуцалсан байна.

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Улсын Онцгой комиссын өнгөрсөн хурлаас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийг тусгаарлах шаардлагатай хүмүүст зориулж бэлтгэсэн байгаа. Өчигдөр Улаанбаатарт ирсэн Дэгү хотод сурдаг болон амьдардаг 17 хүнийг Жаргалантын аманд байдаг Сургалтын төвд тусгаарласан.

Түүнээс гадна БНСУ-аас ирсэн дөрвөн гэлэнмаа, хоёр хүүхдийг өчигдөр орой ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр хүмүүстэй ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хамгаалалтын болон эмнэлгийн зориулалтын хувцас хэрэглэлээ сайтар бэлтгэж, үзлэг, шинжилгээ хийсэн. Мөн албан ёсны орчуулагчаар дамжуулан мэдээлэл авсан. Дөрвөн гэлэнмаагийн хоёр нь болон хоёр хүүхэд нэг гэр бүлийн хүмүүс, нөгөө хоёр гэлэнмаа нь Монголд байнга оршин суудаг хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс Дэгү хотын "Шин Чон Жи" сүм буюу халдвар тархсан сүмд хамааралгүй болохыг тогтоосон.

Улсын Онцгой комиссоос өнөөдөр Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нийт сувиллын газруудыг тусгаарлахад зориулж бэлтгэхийг үүрэг болгож, шинэ шийдвэр гаргалаа.


Түүнээс гадна Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам БНСУ дахь монголчуудад анхаарлаа хандуулж ажиллана. Урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон анхаарч байна. Гадаад харилцааны яамны дипломат ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж байгаа. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байгаа" гэсэн мэдээлэл өгсөн бол Гадаад харилцааны яам сайд Д.Цогтбаатар "Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь монгол иргэдэд анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ажиллаж байна. БНСУ дахь монголчууд эмнэлэгийн тусламж авахад ямар нэгэн эмнэлгийн төлбөр авахгүй гэдгийг БНСУ мэдэгдсэн. БНСУ-ын визний асуудалтай холбогдуулан Дэгү хотоос ирж байгаа иргэдэд болон зорчих иргэдэд түр хугацаанд виз олгохгүй. БНСУ-д байгаа визний зөрчилтэй иргэдийг ойлгож ажиллах зохицуулалт хийсэн, мөн гэрээт ажилчдын хугацааг 50 хүртэлх хоногоор сунгасан" гэлээ.


Өнөөдөр өглөөний байдлаар БНСУ-д COVID-19 коронавирусийн халдвараар шинээр 161 хүн нэмж халдвар авсан нь батлагдаж8 өвчтөнүүдийн тоо 763-т хүрээд байгаа юм. Өчигдөр халдвараас болж зургаан өвчтөн нас барсан ба өнөөдөр эмнэлэгт хэвтэж байсан 62 настай эрэгтэй өвчтөн дахин нас барж уг халдварын улмаас нийт долоон хүн нас бараад байна. Шинээр батлагдсан 161 өвчтөний 129 нь Дэгү хотын "Шин Чон Жи" сүмтэй холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд үлдсэн 32 нь тархвар судлалын шинжилгээнд хамрагдаж байна. Бүс нутгаар нь авч үзвэл Дэгү хотод 131, Кёнбукт 11, Кёнги хотод 10, Сөүл, Кённамд гурав, Гванжу хотод нэг хүн өвчлөөд байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч хар, шар, цагаан гэхгүй бүх улсын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эмчилнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top