БНСУ-д монгол иргэн нас барсан шалтгааныг албан ёсоор тодруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.02.26/ ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл МАШ ӨНДӨР, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна.

Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох  агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов.


Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өгсөн юм.
 


-Ерөнхий сайдын зүгээс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан иргэд буцаж яаж ирэх вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягийг шалгаж, хот руу оруулах зэрэг асуудлыг нарийвчлан Улсын Онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. 

Мөн Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Энэ хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ. 

Маргааш хуваарийн дагуу ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байна.

Олон нийтэд хандаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөө гадаа явах эрсдэлтэй алхам битгий хийгээрэй гэж уриалж байна. 

Засгийн газраас мөн өнөөдөр тогтоол гаргаж, хамгаалах хувцас хэрэглэлд шаардагдах төсөв баталлаа. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн төсөв баталсан байсан бол сая дахин 6.5 тэрбум төгрөгийн төсвийг нэмж батлаад байна. 

Эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас захиалсан. Сөүлээс эдгээр ачааг татаж авах асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Инчены нисэх буудал дээр дамжих өнгөрөх нислэгийн нэг ч зорчигч байгаагүй. Одоогоор Турк, Орос, Казахстаны нислэг нээлттэй байгаа. Бангкок, Наритагийн нислэгүүд өнөөдөр хамгийн сүүлийн нислэгээ үйлдээд маргаашаас зогсоож байгаа. 

БНСУ-д нас барсан Монгол Улсын иргэний үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ. Вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээлэх болно. Тухайн иргэн өмнө нь БНСУ-д дөрвөн жил ажилласан. Ингээд хоёрдугаар сарын 12-нд тус улс руу явсан. Очоод эмнэлэгт шинжилгээ өгсөн. Солонгост халдвар авсан 2-3 тохиолдол тухайн иргэний шинжилгээ өгсөн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм билээ. Тэгэхээр тэнд очоод халдвар авсан байх магадлал өндөр байгаа. Ойр байсан зургаан хүнээс нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хамт ниссэн хүмүүсийг нь тусгаарлаад ажиглаж байгаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top