Нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараалалтайгаар авсаар байгаа.

Өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэр гаргасны нэг нь нүүрсний болон газрын тосны тээвэрлэлттэй холбоотой байв. 

Онцгой комиссын хуралдаанаас "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй" гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгалаа. Мөн энэ чиглэлийн тээвэрлэлийг хариуцсан Ажлын хэсэг байгуулахаар болжээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал энэ тухайд "Нүүрс, газрын тос тээвэрлэх асуудлыг гуравдугаар сарын 2-нд эхлүүлэхэд бэлтгэл ажил хангагдаагүй гэж үзэн, холбогдох яам, аймаг тамгийн газрын удирдлагууд хил дээр уулзалтуудаа хийгээд явж байгаа. Гуравдугаар сарын 15-нд бүх үйл ажиллагааг жигдрүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Улсын Онцгой комисс хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа 2020 оны гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэл хангах ажлыг сайд, дарга нарт үүрэг болгож байсан юм. Тиймээс шинэчилсэн шийдвэрийн дагуу нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх асуудал гуравдугаар сарын 15 болж хойшилж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.220) 2020 оны 02 сарын 26

Энхийн цагт хөлс их асгарвал, дайны үед цус бага асгарна.

0  |  0
Top