KOVID-19: Улс орнуудын ӨВЧЛӨЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02



Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 64 улсад корновирус халдварлаж, 2977 нас баралт бүртгэгдээд байна. Шинээр Азербайжан, Эквадор, Ирланд, Маноко, Катар улсуудад халдвар илрээд байна.

Мөн Итали Улсад зорчсонтой холбоотойгоор Чех, Шотланд, Доминикан улсуудад коронавирусийн халдвар бүртгэгджээ.  

KOVID-19 халдвар бүртгэгдээд байгаа 38 орны халдварын шалтгаан нь өвчлөл бүхий оронд зорчсон түүхтэй бол 20-иод улсад халдвар дотоодын дэгдэлт байдлаар тархаж байгаа аж.


  • Эх газрын Хятад улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 80026-д хүрснээс 2912 өвчтөн нас барж, 44462 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 32 652 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн нэг хоногт тус улсад 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2837 хүн эмнэлгээс гарч, 42 өвчтөн нас баржээ.
  • БНСУ-д сүүлийн нэг хоногт шинэ төрлийн коронавирусийн халдварын 476 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 4212 хүн халдвар аваад байна. Халдварын улмаас 22 хүн нас барж, 30 гаруй өвчтөн эдгэрч, 33360 хүн шинжилгээний хариу хүлээж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Сөүл хотод 87, Дэгү хотод 2705, Умард Кёнсан мужид 55, Пусанд 83 халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын 60 хувь нь Дэгү хотын "Шинчөнжи" Христийн шашны урсгалын сүмтэй холбоотой аж. Тус улсад өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байна.
  • Италид тохиолдлын тоо 50 хувиар өсөж, 1694-д хүрч, нас баралт 34 болсон. Италид дэгдэлт гарч байгаа бүсүүдэд сургуулиудыг хаагаад байна.
  • Иранд 385 шинээр бүртгэгдэж, 978 тохиолдол болсон. Нас баралт 11-ээр нэмэгдэж 54 болсон. Иран нас баралтаараа БНХАУ-ын дараа жагсаж байна.
  • АНУ-ын Вашингтон мужид нас баралтын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Нас барсан иргэд халдвартай бүс нутагт зорчсон түүх байхгүй учир хэрхэн халдвар авсан болохыг шалгаж байгаа аж. Мөн АНУ-ын Калифорни мужид эмнэлгийн хоёр ажилтан шинээр халдвар авсан бөгөөд гэрт нь тусгаарлажээ. Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк мужид халдварын шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
  • БНСУ-д халдвар голомтлон гарч байгаа бөгөөд “Самсунг” корпорацийн үйлдвэрт халдвар гарснаар үйл ажиллагааг нь зогсоон ариутгал халдваргүйжил хийж байна.
  • Канад Улсад дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд гурав нь Иран улсад зорчсон түүхтэй бол нэг иргэний ах нь Иран улсад зорчжээ.
  • Герман Улсад шинээр халдвар авсан хүмүүс 130 болж хоёр дахин өсөж, тус улсын 16 мужийн есөд нь халдвар бүртгэгдсэн байна.
  • Франц Улсад халдварын 47 тохиолдол бүртгэгдсэн тул тус улсын эрх баригчид онцын шаардлагагүй бол бусад улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.
  • Иранд 385 шинээр бүртгэгдэж 978 тохиолдол болсон. Нас баралт 11-ээр нэмэгдэж 54 болсон. Иран нас баралтаараа БНХАУ-ын дараа жагсаж байна.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 7169-д хүрснээс сүүлийн нэг хоногт 1160 шинэ тохиолдол бүртгэгджээ. КОВИД-19 вирусийн халдвар дэлхийн 58 улсад тархаад байна. Халдварын улмаас 104 хүн нас барснаас сүүлийн нэг хоногт 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдварын анхны тохиолдлууд Азербайжан, Эквадор, Монако, Катар, Доминикан улсад бүртгэгдэв. Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 88436-д хүрээд байна.
     
  • АНУ-д шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг зургаан сарын дараа хийж эхлэх бөгөөд ирэх оноос эхлэн худалдаанд гарна гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгджээ. Туршилтад эхний ээлжид 20-25 эрүүл хүн сайн дурын үндсэн дээр хамрагдах аж. Эмч нар шинэ вакцин хэр үр дүнтэй болон хүний эрүүл мэндэд аюулгүй эсэхийг тогтоох бөгөөд эхний үр дүн долоодугаар эсвэл наймдугаар сард гарах гэнэ.
     
  • Индонезийн иргэний агаарын тээврийн “Garuda Indonesia” компанийн онгоц Японы Ёкохама хотын боомтод карантинд орсон “Diamond Princess” усан онгоцны багийн гишүүд болох Индонезийн 69 иргэнийг Индонезийн Ява арлын Кертажати нисэх онгоцны буудалд буулгажээ. Тус хөлөг онгоцны багийн бүх гишүүд өнгөрсөн ням гарагт хөлгийг орхисон байна.
     
  • Итали улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 1.5 мянгад хүрсэн хэдий ч эдгэрэлтийн түвшин нэмэгдэж байна гэж тус улсын иргэний хамгаалалтын албаны дарга Анжело Боррелли мэдэгджээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 29-д хүрээд байгаа бол нэг хоногт таван хүн эдгэрчээ.
     
  • Аялал жуулчлалын гол улс болох Доминикан улсад коронавирусээр халдварласан анхны тохиолдол илэрчээ. Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Доминикан улсад өнгөрсөн сарын 22-нд ирсэн 62 настай Италийн иргэнээс халдвар илэрсэн байна. Тус улсад ирэх үед түүнд халдварын шинж тэмдэг гараагүй бөгөөд шинжилгээгээр тэрбээр “В” хүрээний томуу, шинэ төрлийн королнавирусийн халдвар нэгэн зэрэг илэрсэн байна. Түүнчлэн Франц улсаас ирсэн нэгэн иргэн шинжилгээний хариу хүлээж байгаа гэнэ.
     
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок НҮБ-ын онцгой байдалд хариу үзүүлэх төв сангаас 15 сая ам.долларыг коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулж гаргажээ. Энэхүү хөрөнгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлэх аж.
     
  • Дэлхийд хамгийн олон үзэгчтэй Луйврын музей тодорхойгүй хугацаанд хаалгаа барьжээ. Франц улсад 130 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар аваад байна.
     
  • Тайланд улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас Тайландын иргэн 35 настай эрэгтэй нас барсан аж. Эмч нар нэгдүгээр сарын сүүлээр түүнд денге чичрэг өвчний онош тавьсан бол хоёрдугаар сарын эхээр авсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирусээр халдвар авсныг мөн тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
40000-тын хүүхэд(66.181.160.86) 2020 оны 03 сарын 02

Тэр Луйврын музейг нь нэг очоод үзчих юм сан

2  |  0
Top