Өглөөний нислэгээр ирсэн 76 иргэнийг Багабаян дахь амралтын газарт тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.02/

Гуравдугаар сарын 1-ний өдрийн 16:00 цагаас хойш зургаан оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж, өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 64 улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгджээ. Итали, Герман, БНСУ, Япон зэрэг орнуудад шинэ коронавирусийн халдварын голомт эрчтэй тархаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 1-ний өдрийн ДЭМБ-ын мэдээллээр 24 цагийн дотор шинэ коронавирусийн халдвар 1739-оор нэмэгдсэн. БНХАУ-д 24 цагийн дотор 579 шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж, 35 хүн нас барсан. БНСУ-д хоногт 586 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 3736 боллоо. Тус улсад тохиолдлыг илрүүлэх, хавьтлын судалгааг маш сайн хийж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3688 иргэн тусгаарлалтад байна гэсэн мэдээллийг өгсөн. БНСУ-д шинэ коронавирусийн халдварын зургаан голомт байгаагаас сүмийн голомт хамгийн том голомт болоод байна. Тодруулбал, анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн.

Итали улсад шинэ коронавирусийн халдварын тоо 50 хувиар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 1694-т хүрч, нас баралтын тоо наймаар нэмэгдэж 34 боллоо.

Иран улсад 385 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 978, нас баралтын тоо 54 боллоо” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг Эрүүл мэндийн яаманд байгуулагдан, 24 цагаар ажиллаж байна. Батлан хамгаалах яамны Багабаян дахь амралтын газарт тусгаарлах байр бэлдсэн. Тус байранд өнөөдөр өглөөний Москва-УБ, Берлин-УБ, Нурсултан-УБ-ын чиглэлийн нислэгээр ирсэн 76 иргэнийг тусгаарлалаа. "Алтанбулаг", "Сүхбаатар" боомтуудад ОХУ-аар дамжин ирж буй БНСУ, Япон зэрэг улсаас ирсэн иргэдийн Сэлэнгэ аймагт тусгаарласан. Сэлэнгэ аймагт ачаалал нэмэгдсэн тохиолдолд Дархан-Уул аймагт бэлдсэн тусгаарлах байруудыг ашиглаж эхэлнэ" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.248) 2020 оны 03 сарын 02

Gadaad hilee nislegee haagaach ! Yun japan solongos ve! Golomtoos n hun zoochood dotroo hodolgoon haaj yah bilee oilgomjgui yu

0  |  0
w(192.82.78.134) 2020 оны 03 сарын 02

hilee haagaagvi yumuu.hvnee avavhni zuvch ted chni haluunaa vzvvlehgvi,hangamj nehsen uls olon bol hvnd shvv,,ehneesni sain anhaaruulj helj garin vsgiigni zuruulah hergetei bhdaa

0  |  0
Top